“Дэлхийн яруу найргийн өдөр”-т зориулж, "Уран жиргээ” наадам зохион байгууллаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-03-22 23:18:50

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар сумын номын сантай хамтран Дэлхийн яруу найргийн өдөр-ийг тохиолдуулан Уран жиргээ наадмыг 1-11-р ангийн сурагчдын дунд зохион явууллаа

1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлэхийг зарлан тунхагласан юм. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний соёл, зан заншил яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай.

Монголын утга зохиол, урлаг соёлын газраас ЮНЕСКО-гоос зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай болсон юм. 

"Уран жиргээ" наадмыг ахлах, дунд ангийн сурагчдын дунд явуулжээ. Наадамд тус сумын 1-5 дугаар ангийн 24 сурагч, 6-11 дүгээр ангийн 19 сурагч оролцсон байна. Дунд ангийн сурагчдаас 5-р ангийн сурагч С.Чадраабал, ахлах ангийн сурагчдаас 8-р ангийн сурагч А.Амартүвшин тэргүүлжээ. 

Ардын боловсролын тэргүүний ажилтан, "Чингис хаан" академийн тэргүүн, Лүн сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан ахмад багш Д.Дагдан, түүний охин Д.Хатантуул, Д.Чулуунтуул нар ивээн тэтгэж зохион явуулсан байна. 

Цаашид жил бүр яруу найргийн "Уран жиргээ" наадмыг уламжлал болгон зохион байгуулахаар боллоо хэмээн тус сумын  Олон нийт, интернэтийн мэдээллийн төвийн ажилтан Б.Сугархишиг мэдээллээ.

Холбоотой мэдээ