О.Ганчимэг: Түүхэн, домогт хатны дүр бүтээх юмсан гэх битүүхэн мөрөөдөл надад ч байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-31 22:15:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн театрын 57 дахь өдрийн хүрээнд, Жаахан шарга театрын залуу жүжигчин О.Ганчимэгтэй ярилцлаа. Түүний хувьд анх л тус театрт драм анги шинээр нээгдэхэд орж байсан цөөхөн залуу жүжигчдийн нэг. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, драмын урлагийг орон нутгийн иргэдэд сурталчлах ажилд манлайлан зүтгэж яваа залуу уран бүтээлч юм. О.Ганчимэг бусад эмэгтэй жүжигчдийн адил түүхэн, домогт хатны дүр бүтээх битүүхэн мөрөөдөлтэй нэгэн.


-Анх театрт хөл тавьж, жинхэнэ урлагийн хүн болж байсан үеээ дурсаач?

-2013 онд СУИС-ийн жүжигчний ангийг МУГЖ Л.Дэмидбаатар багшийн удирдлаган дор төгсөж, тухайн оныхоо 06 дугаар сард Сүхбаатар аймгийнхаа Жаахан шарга театрын босгыг алхсан даа. Анх нь их л дэврүүн сэтгэл, хүсэл тэмүүлэлтэйгээр ирж байлаа. Зургаа дахь жилдээ жүжигчнээр ажиллаж байна. Одоо ч ажилдаа ирэх болгондоо яг л нөгөө анх орж байсан үе шигээ байдаг. Бага багаар суралцаж, өдрөөс өдөрт ахиж дэвшиж л явна.

-Яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон юм бэ?

Багасаа дуулж бүжиглэх сонирхолтой хүүхэд байсан. Миний ээж урлагийн хүн л дээ. МУСТА Д.Болормаа гэж сайхан хүн байгаа. Театрын анхны бүжигчдийн нэг. Ээжийгээ театрт ажиллаж байх хугацаанд нь байнга ажил дээр нь хамт ирж ээжийнхээ бүжиглэхийг харж, ээжээрээ бахархдаг байлаа. Магадгүй энэ нь намайг урлагт дурлах болсон шалтгаан байх. Тэр үеэс хойш урлагийн хүн болно гэсэн мөрөөдлөө сэтгэлдээ тээсээр энэхүү мэргэжлийг сонгосон доо.


-Ажиллах хугацаандаа хэчнээн уран бүтээлд оролцов. Туслах, гол гээд олон л дүр бүтээсэн байх?

-Зургаан жилийн хугацаанд 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн. Энэхүү жүжгүүдээс дурдвал, Б.Лхагвасүрэнгийн Гэгээн тамлан жүжгийн Сүмэн хатан, Ч.Ойдовын Далан худалч жүжгийн Тунгалаг, С.Баярсайханы Хайрыг хайрла жүжгийн Бурмаа, Муурын байшин жүжгийн ямаа, Гахайн ганц тоорой жүжгийн гавар гээд л гол болон туслах дүрүүдэд тоголсон байдаг.

-Бүтээсэн дүрүүдээс тань гаргахад хамгийн хэцүү бөгөөд хамгийн хайртай дүр гэвэл юуг нэрлэх вэ?

-Анх буюу 2016 онд “Гэгээн муза-11” наадамд Б.Лхагвасүрэнгийн зохиол Гэгээн тамлан жүжгээр манай хамт олон оролцохоор болж, бэлтгэл ажилдаа орж байсан. Энэ үед би дөнгөж хүүгээ өлгийдөж авсан шинэхэн ээж байлаа. Найруулагч маань Сүмэн хатны дүрд тоглуулахаар намайг сонгож, дөнгөж сар гарантай жүжгийнхээ бэлтгэлд орж байсан. Нялх биетэй байсан учир ядрах, шантрах үе маш их гарч байсан. Энэ үед ханийнхаа болон аав ээжийнхээ дэмжлэгээр энэхүү уран бүтээлийнхээ ард гарч байсан. Эргээд харахад энэхүү Сүмэн хатны дүр хамгийн хэцүү бөгөөд хамгийн хайртай дүрүүдийн маань нэг болсон.


-Орон нутгийн театрын уран бүтээлчид хөрвөх чадвартай байдаг юм шиг санагддаг. Үүнийг өөрөөс тань ч бас ажиглаж байсан л даа? Зарим тоглолт дээр дуулж, бүжиглэж байгаа харагддаг?

-Их сургуульд дөрвөн жил сурах хугацаанд онолын түвшинд бүхий л зүйлийг төгс хийх талаас нь бид нарт багш нар маань зааж сургасан. Ер нь жүжигчин хүн ямар ч ажил дээр хөрвөх чадвартай байх ёстой гэдэг байлаа. Бид ч үүнийг нь хэрэгжүүлэхийг хичээдэг.  Орон нутгийн театр чуулга орон тоо цөөтэй учир шаардлагатай тохиолдолд дуулж, бүжиглэх үе гардаг л даа. Уран бүтээлчдэд найруулагчийн үг гэдэг бараг л хууль гэсэн үг. Тиймээс хий гэснийг л хийнэ. Гэхдээ тодорхой чадвартай болоод хийлгэдэг байх. Ер нь тэгээд их олон зүйлд суралцаж байна даа.

-Гэгээн Муза наадамд нэр дэвшиж байсан  шүү  дээ. Ер нь тухайн наадамд нэр дэвшинэ гэдэг өөрөө маш том нэр хүнд, хүндэтгэл юм шиг санагддаг?

-Мэдээж тэгэлгүй яахав. Олон улсын чанартай тэмцээн болохоор жүжигчин болгоны хүсэн хүлээдэг наадам л даа. Тухайн өөрийнхөө бүтээсэн дүрээрээ нэр дэвшинэ гэдэг нь жүжигчин хүний хувьд маш том шалгуур, үүрэг хариуцлага гэж би боддог. Тиймдээ ч 2016 онд “Гэгээн муза-11” наадамд Б.Лхагвасүрэнгийн зохиол Гэгээн тамлан жүжгийн Сүмэн хатны дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-д нэр дэвшиж байсан. Залуу жүжигчин бидний хувьд энэ том наадамд нэрээ дэвшүүлээд, мундаг жүжигчдийн хамт тайзан дээр алхах, нэр зарлагдах гэдэг өөрөө маш том шагнал юм даа.

аны хувьд театрынхаа залуу уран бүтээлчдийн нэг. Урлагийн амьдрал хэцүү гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар таны бодол?

-Энгийн хүний нүдээр бол урлагийн амьдрал хэцүү харагддаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бидний хувьд бол тийм ч хэцүү биш л дээ. Манай гэр бүлийн маань хүн бас урлагийн хүн. М.Хишигмөнх гээд Жаахан шарга театрын бүжигчнээр ажиллладаг.  Нэг салбарт, тэр дундаа нэг дор ажилладаг болохоор  биеэ биеэ ойлгож, дэмжин, шантрах үедээ бие биедээ үргэлж урам зориг хайрладаг.  Тиймдээ ч одоо, мөн цаашид урлагтаа үнэнчээр зүтгэсээр байх болно.

-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Дэлхийн театрын 57 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд орон нутгийнхаа иргэд, үзэгчиддээ дэлхийн сонгодог жүжиг болох Софоклын Эдип хаан, Б. Лхагвасүрэнгийн зохиол Гэгээн тамлан жүжиг, хүүхэд багачууддаа зориулан Гахайн ганц тоорой  жүжгүүдээ дахин тайзнаа тавьж байгаа. Үүний бэлтгэл сургуулилтыг өдөр бүр л хийж байна.


-Таны цаашдын мөрөөдөл юу вэ?

-Мэдээж мэргэжил талаасаа цаашд илүү олон дүрийг бүтээж, ард түмэндээ хүндлэгдсэн сайн уран бүтээлч болохыг мөрөөдөн, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө уйгагүй хичээн ажиллаж байна. Мэдээж эмэгтэй жүжигчин болгонд түүхэн, домогт хатны дүрийг бүтээх юмсан гэх бүтүүхэн мөрөөдөж байдаг. Надад ч бас энэ мөрөөдөл бий. Мөрөөдлөө удахгүй биелүүлнэ ээ. 

-Хамт олондоо болон нийт уран бүтээлчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Жаахан шарга театрынхаа нийт уран бүтээлчид болон ахмад уран бүтээлчиддээ, мөн Монголынхоо мянган мянган уран бүтээлчид, урлагт хайртай бүх хүнд Олон улсын театрын 57 дахь өдрийн мэндийг хүргэж, цаашдынх нь уран бүтээлд амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Та  бүхнийг минь урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.

-Баярлалаа. Танд ч бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

Баярлалаа, хичээнэ ээ.

Холбоотой мэдээ