“Мэргэжил зөв сонголт-гэрэлт ирээдүй” уулзалтад 200 гаруй сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яам, Америкт төгсөгчдийн холбоо хамтран “Мэргэжил зөв сонголт-гэрэлт ирээдүй” сэдэвт уулзалт зохион байгуулж, АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл хийлээ.
Уулзалтад Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургууль,
Дөргөн, Эрдэнэбүрэн сумын сургуулийн төгсөх ангийн 200 гаруй сурагч
оролцов.
Энэ үеэр олон улсын харилцаа, хүний нөөц, сэтгэл судлал, санхүү, бизнес, нийтийн удирдлага зэрэг 8 мэргэжлээр АНУ-д суралцах боломжуудын талаар танилцуулснаас гадна АНУ-ын Элчин сайдын яамны бүрэн тэтгэлэгт мэргэжил дээшлүүлэх нэг жилийн солилцооны “Хюберт Хамфри” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.
Мөн магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын оюутны хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдад тус улсад бүрэн тэтгэлэгтэй нэг жил суралцах боломж олгодог Флекс хөтөлбөрүүдийн тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын явц, эссэ бичлэгт анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгсөн юм.
Тус уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески оролцож, үг хэлсэн. Тэрбээр Америкийн Соёл Мэдээллийн төв болон Ховд аймгийн Нийтийн номын сан нь хоёр орны найрамдалт харилцаа, хэл соёл, иргэдийн англи хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багш нарыг чадваржуулах чиглэлээр 2007 оноос хойш 10 гаруй жил хамтын ажиллагаатай явж байгааг онцлоод, цаашид уг хамтын ажиллагаа өргөжих бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн энэ хугацаанд ахлах ангийн сурагчдын хэлний мэдлэг дээшлүүлэх “Аccess” хөтөлбөр хэрэгжүүлснээр 120 гаруй сурагч хамрагдаж байна. Одоогийн байдлаар “Аccess” хөтөлбөрт 31 сурагч суралцаж, англи хэлний зохих түвшний мэдлэг эзэмшиж байгаа бол 2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгаас нэг сурагч АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцаж байгаа гэв.