Сурагчдыг “Үе тэнгийн сургагч”-аар бэлтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийн төвөөс "Үе тэнгийн сургагч бэлтгэх" сургалтыг энэ сарын 28-29-ний өдөр Ховд аймагт зохион байгуулж байна.
Сургалтад Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн ахлах ангийн 25 сурагч оролцлоо. Өсвөр үеийнхэнд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцооны асуудлаар сурагчдыг чадваржуулах замаар залуучуудад үнэн бодитой мэдээлэл хүргэх, зөв хандлагыг төлөвшүүлэхэд сургалтын зорилго чиглэж байна.
Сургалтын чиглүүлэгчээр Y-PEER үндэсний сургагч багш Г.Сосорбарам, Д.Нандин-Эрдэнэ, Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтан Ч.Уянга, тус төвийн оролцоо хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Б.Буяннэмэх нар ажиллаж байгаа бөгөөд сурагчдад харилцааны соёл, уран илтгэх ур чадвар, манлайллын менежмент баг бүрдүүлэлт, өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай байдал, хүний эрх ба жендэр, ялгаварлан гадуурхал ба гутаан доромжлол зэрэг сэдвээр мэдээлэл хийв.
Сургалт бүлгийн ярилцлага, жүжигчилсэн тоглолт, дасгал тоглоом гэсэн сонирхолтой хэлбэрээр үргэлжилж байгаагаараа онцлог юм.
Сургалтын үр дүнд сурагчид бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, аливаа халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар шинэ мэдлэг мэдээлэлтэй болох ба харилцааны олон төрлийн арга зүйг хэрэглэх, бүлгээр ажиллах чадварт суралцаж, цаашид үе тэнгийн найз нөхдөдөө олж авсан мэдлэгээ дамжуулах, харилцан ур чадварт суралцах боломж бүрдэх юм.