Мөнгөн-Морьт сумын сургуульд улсын төсвийн хөрөнгөөр засварын ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-31 12:16:32

Төв /МОНЦАМЭ/. 2019 оныг Төв аймгийн хэмжээнд "Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил" болгон зарласан юм. Энэ ажлын хүрээнд Мөнгөн-Морьт сумын сургуульд 18 сая 500 мянган төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд хийсэн байна.    

Тус сургууль сургалт хүмүүжлийн ажлыг хэвийн зохион байгуулах, сурагчдын аюулгүй ажиллагааг хангах үүднээс энэ хичээлийн жилд сургуулийн спорт заалны шалны хэсэгчилсэн засвар, гэрэлтүүлгийг сургуулийн захиргаа, хорих 417-р ангитай хамтран, биеийн тамирын багш Ч.Баярсайхан хариуцан хийж дуусгажээ.

Хичээлийн байрны уурын зууханд шинээр суурилуулсан тогоо, мотор, шахах насос, угсрах ажлыг хийж гүйцэтгэснээс гадна  агааржуулалтын системийг шинэчилсэн байна.

Мөн сургуулийн коридорын гэрэлтүүлгийг шинэчилж, шал, шатыг будаж, 2 хичээлийн танхим болон  2 өрөөний нийт 100 м2 талбайн хулдаасыг сольжээ.

Дотуур байрны уурын зуухны барилга, хичээлийн байрны гол хаалгыг өнгө үзэмж оруулан засварлаж, дотуур байр, хичээлийн байрны дээврийн болон гадна засварыг бүрэн хийсэн хэмээн тус сургуулийн захирал Н.Рэнцэндорж мэдээллээ.

Тус сургуулийн засвар үйлчилгээнд улсын төсвийн хөрөнгөөс 18 сая 500 мянган төгрөг зарцуулсан байна.

Холбоотой мэдээ