Балбад шуурганы улмаас олон арван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-04-01 14:10:09

КАТМАНДУ. /Xinhua/. Өнгөрсөн ням гарагийн орой Балбын хоёр дүүргийн тосгодод шуурга дэгдсэний улмаас наад зах нь 25 хүн амиа алдаж, 400 хүн гэмтсэн тухай тус улсын Ерөнхий сайд K.П. Шарма Оли албан ёсоор мэдээлэв.


Олигийн “Твиттер” хуудас дахь мэдэгдэлд дурдсанаар, Бара болон Парса дүүрэгт асар хүчтэй салхи дэгдэж, цахилгаан цахьсан ажээ. "Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Амиа алдагдсын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох болно" гэж тэрбээр мэдэгджээ.


Засгийн газар шуурганд өртсөн бүс нутагт аврах ажиллагаа явуулах зорилгоор аюулаас хамгаалах хүчний ажилтнуудыг дайчилжээ. Шуурга орон нутгийн цагаар оройны 19:45 цагт эхэлж, цаг орчим үргэлжилсэн байна.


Дотоод хэргийн яамны төлөөлөгч Прем Кумар Райн мэдээлснээр, амиа алдагдсын 23 нь Бара дүүрэгт, хоёр нь Парса дүүрэгт бүртгэгдсэн ба энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа ажээ.


“Шуурганы улмаас олон зуун байшин, нийтийн болон хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүд сүйдсэн” тухай Балбын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Холбоотой мэдээ