“Ховд-Стэнд-ап комеди” тэмцээнийг анх удаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-01 21:42:14

Ховд /МОНЦАМЭ/. Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос Ховд-Стэнд-ап комеди” /Khovd-Standup Comedy/ тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.

Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуус, иргэдийн төлөөлөл 20 орчим хүн оролцсоноос хамгийн залуу нь 10 настай буюу тавдугаар ангийн сурагч, хамгийн ахмад оролцогч нь 67 настай байв.

Тус тэмцээнийг 4-5 минутын, 3 минутын, 1 минутын үзүүлбэр гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулж, оролцогчид ганцаарчилсан ба хамтлагаар хошин шог, онигоо, сонирхолтой түүх, монолог  ярьж, үзэгчдийг хөгжөөн өрсөлдсөн юм.

Энэ үеэр зохион байгуулагчид тэмцээний зорилго, ач холбогдлын талаар танилцуулж, орон нутгийн хүүхэд багачууд, оюутан залуус, иргэдэд үзэгчдийн өмнө хошин шог, онигоо ярьдаг “Стэнд-ап комеди” урлагийг сурталчлан таниулах, хөгжүүлэх,гоо зүйн мэдлэг олгох, чөлөөт  цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  ярианы  ур чадварыг нэмэгдүүлэх  зорилгоор  уг тэмцээнийг  тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Тэмцээний шүүгчээр соёл урлагийн салбарын мэргэжилтэн, ахмад уран бүтээлчдийн төлөөлөл 3 хүн ажилласан бөгөөд оролцогчдын  хувцаслалт,  үзүүлбэрийн зохиомж, тайзны соёл, цаг  барих, нутгийн аялга, ховор  үг хэллэг ашиглах зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан нэгдсэн дүн гаргав. 


 


Холбоотой мэдээ