Уралдаан тэмцээнээр дамжуулан сурагчдын хөгжих, боловсрох идэвхийг нэмэгдүүлж байна

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-02 17:23:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 7-9 ангийн сурагчдын дунд “Монгол бичгээр хэн сайн бичих вэ?, бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлан явуулжээ.

Уралдааны зорилго босоо монгол бичгээ эрхэмлэн дээдэлж, монгол бичгээрээ цэвэр сайхан бичиж сурах, 2020 оноос эхлэн төрийн албанд ажиллагсдад босоо монгол бичгээр авах шалгалтын тогтоол шийдвэр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан сурагчдын монгол бичгийг сурах идэвхийг нэмэгдүүлэх зорилготой уг уралдааныг зохион байгуулжээ.

Бага ангийн сурагчдын дунд явуулсан гар зургийн уралдааны зорилго нь сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зургаар дамжуулж хүүхэд өөрийн дотоод ертөнцийг илэрхийлэн гаргахад туслах, дэмжихэд чиглэгдэж байгаа ажээ.

“Монгол бичгээр хэн сайн бичих вэ? уралдаанд оролцсон нийт сурагчаас нэгдүгээр байрыг 8-р ангийн сурагч  Ш.Мөнгөнжаргал, хоёрдугаар байрыг 9 дүгээр ангийн сурагч Г.Хонгорзул, гуравдугаар байрыг 7 дугаар ангийн сурагч Б.Болор-Эрдэнэ, тусгай байрын шагналыг 7 дугаар ангийн сурагч М.Мөнхнаран, 9 дүгээр ангийн сурагч Б.Энхбат нар хүртжээ. 

      1-3 дугаар ангийн дунд зарласан гар зургийн уралдаанд нийт 91 ширхэг зураг ирсэн байна. Тэргүүн байрт Б.Цэлмүүн, дэд байрт М.Баасанжаргал, гутгаар байрт Б.Болорчимэг нарын сурагчид шалгарлаа гэж тус сургуулийн сургалтын менежер Д.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

“Монгол бичгээр хэн сайн бичих вэ? уралдааны шагнал хүртсэн болон гар зургийн уралдаанд түрүүлсэн сурагчдын бүтээлийг сургуулийн хүндэт самбарт тавьж урамшуулсан байна.

Холбоотой мэдээ