Малчид зарим шаардлагатай урьдчилан сэргийлэх тарилгыг өөрсдөө худалдан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-03 15:19:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ 2019 оноос эхлэн малчид зарим урьдчилан сэргийлэх тарилгаа өөрсдөө худалдан авахаар болсон байна. Засгийн газрын 225-р тогтоолын гуравдугаар хавсралтаар шөвөг яр, сахуу, сохор догол зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тарилгыг малчид өөрсдөө худалдан авахаар тусгасан аж. 

Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтаар Өмнөговь аймагт галзуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тарилгыг улсаас хариуцахаар болсон байна. Энэ онд тус аймагт 118 300 малд галзуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 6 сая гаруй төгрөг зарцуулах аж.

Дээрх тогтоолын хоёрдугаар хавсралтаар орон нутгаас гэдэсний хурц хордлого энтеробактериоз, үхрийн дуут хавдар, адуу тэмээний томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг зардлыг хариуцахаар заажээ. Үүний хүрээнд хурц хордлого энтеробактериозоос 260 мянга, үхрийн дуут хавдраас 1500, адуу тэмээний томуугаас найман мянган толгой малд урьдчилан сэргийлэх тарилга хийх аж. Үүнд 49,7 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.


Холбоотой мэдээ