Эзэн нь татаж унах гэж буйг урьдчилан мэдрэхэд нохойг сургана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-03 10:21:18

ЛОНДОН. /ТАСС/. Эзэн нь татаж унах гэж буйг урьдчилан мэдэхэд нохойг сургахаар Францын эрдэмтэд төлөвлөж байна. "The Daily Telegraphсонинд бичсэнийг үзвэл, татаж унадаг өвчтэй хүмүүсээс ер бусын үнэр ялгардаг болохыг нохой мэдэрдэг гэдгийг батлах туршилтыг эрдэмтэд хийсэн аж.

Туршилтад янз бүрийн хэлбэрийн татаж унах өвчтэй хүмүүс сайн дураараа оролцжээ. Ренн хотын их сургуулийн эрдэмтэд өвчин хурцдахаас өмнөх ба дараа үе, татаж унах үе, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийсэн ба тайван байдалд байх үед нь тэдний хөлснөөс дээж авчээ. Дээжийг янз бүрийн саванд хийгээд тусгай сургуулилттай нохдод үнэртүүлсэн байна.

Өвчтөн татаж унах үед ялгардаг үнэрийг ноход мэдэрч байгааг туршилтын дүн харуулжээ. Татаж унах үед нь өвчтөнөөс авсан хөлсний дээжийг ноход 67 хувьд нь алдаагүйгээр ялгаж үнэрлэсэн байна. Зарим ноход ямар ч алдаагүйгээр дээжтэй савыг олж байжээ.  

Туршилтын үр дүн нь шинжлэх ухааны болон практик ач холбогдолтой юм. Реннийн их сургуулийн профессор Амела Катала тэргүүтэй судлаачид татаж унахыг урьдаас мэдэх шинэ аргыг нээхээр ажиллаж байна. Тухайлбал, татаж унах үед ялгардаг үнэрийг мэдэрдэг тусгай багаж зохион бүтээх гэх мэт.

Хүний цусанд сахарын хэмжээ бага байгааг ноход “үнэрлэж мэдэрдэг” болохыг Их Британийн Бристолын их сургуулийн эрдэмтэд өмнө нь туршилтаар баталсан юм. Уг туршилтын явцад, цусанд сахар хэт багасах /гипогликеми/ 4 мянган тохиолдлын 83 хувийг нь ноход цаг алдалгүй мэдэрч, эзэндээ мэдэгдэж байсан аж. Үүний зэрэгцээ зарим ноход эзэн нь татаж унахаас 60 минутын өмнө уг өвчний анхны шинж тэмдгүүдийг урьдчилан мэдэрч байжээ. 


Холбоотой мэдээ