Дундговь аймгийн удирдлагууд Эрээн хотын АИХ-ын даргатай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-03 15:41:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотын АИХ-ын даргатай уулзаж, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцжээ.

Уулзалтын хүрээнд ойрын хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн хоолны ширээ, сандлыг шинэчлэх, говийн хөрсөнд ургах боломжтой, ус чийг бага шаарддаг амьдрах чадвартай, өнгө үзэмж сайтай 10,000 суулгацыг тус аймагт нийлүүлэхээр тохиролцсон байна. Мөн цэцэрлэгжилт хариуцаж ажиллах хоёр хүнийг 14 хоногийн сургалтад хамруулж, сургаж бэлтгэж өгөхөөр болжээ.

Түүнээс гадна дээрх төлөөлөгчид БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консултай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Тус консулын газар нь Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь аймгийг хариуцан хамтын ажиллагаатай байдаг аж.

Энэ үеэр консулын газраас Дундговь аймгийн хөгжилд зориулж 50 000 юанийн тусламжийг 3 дахь жилдээ үзүүлэхээр болж, энэхүү тусламжийг аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг сургах, бэлтгэхэд зориулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ