Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсоох төслийн нээлт болов

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2019-04-08 13:52:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Холидей Инн" зочид буудалд Даян дэлхийн байгаль орчны сан /ДДБОС/-гийн “Даян дэлхийн урт хугацааны хөгжлийн боломжууд” хөтөлбөрийн хүрээнд Монгол, Филиппин улсад хэрэгжүүлэх “Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр: Олборлогчоос боловсруулагч руу” төслийн нээлт боллоо.


Минаматагийн конвенцийн хүрээнд ДДБОС нь алтны бичил уурхайн салбарт “Даян дэлхийн урт хугацааны хөгжлийн боломжууд” сэдэвт 5 жилийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөр нь мөнгөн усны хэрэглээ, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн боломжийг олон нийтэд хүргэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 8 улсад 8 төсөл хэрэгжүүлэх бөгөөд тэдний нэг Монгол болон Филиппин улсын хамтарсан төсөл аж.


Одоогоос 4 жилийн өмнө Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид нэгдэж гарын үсэг зурснаас хойш Монгол, Филиппин улсын Засгийн газар алтны бичил уурхай эрхлэгчдийн байгаль орчин, эрүүл мэндийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ахиц дэвшил гаргажээ.


Ийнхүү өнөөдөр /2019.04.08/ тус хоёр улсын Засгийн газар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр /НҮББОХ/, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага /НҮБАҮХБ/, Алтны бичил уурхайн зөвлөл /АБУЗ/ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл, ДДБОС-гийн “Даян дэлхийн урт хугацааны хөгжлийн боломжууд” хөтөлбөрийн хүрээнд Монгол, Филиппин улсад уг төслийг албан ёсоор өнөөдрөөс 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.


“Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр: Олборлогчоос боловсруулагч руу” төсөл нь бичил уурхай эрхлэгчийг болосруулагчид шилжүүлэх нийлүүлэлтийн сүлжээ бий болгох замаар алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход хувь нэмэр оруулах зорилготой. Төсөл нь үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: НҮББОХ 1 /Албажуулалт/, 2 /Санхүү, зээлийн боломж/, 4 /Мэдлэгийн менежмент/ дэх бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлнэ. НҮБАҮХБ төслийн 3 дахь бүрэлдэхүүн хэсэг болох Технологи нэвтрүүлэлт хэсгийг хариуцах юм. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Канад улсад төвтэй энэ салбарт олон улсын арвин туршлагатай Алтны бичил уурхайн зөвлөл Ашгийн бус ТББ юм байна.


Төслийн хүрэх зорилт нь хоёр улсын Засгийн газар алтны бичил уурхайг албажуулах хөшүүрэг хэрэглэх замаар хууль ёсны бичил уурхай эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, Засгийн газрууд мөнгөн усгүй технологид хөрөнгө оруулалт хийх, хариуцлагатай алтны зах зээлд нэвтрэх, алтаа ил тод нийлүүлэлтийн сүлжээнд шууд худалдах боломжийг бий болгосон сан байгуулах, мөнгөн усны хэрэглээг бууруулах, Засгийн газар болон зорилтот бичил уурхайн бүлэг хамтран бичил уурхай эрхлэгч бүрт хүрч ажиллах арга замыг боловсруулахад орших юм.


Төслийн нээлтэд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮББОХ-ийн хөтөлбөр хариуцсан ажилтан Людовиг Бернаудат, НҮБАҮХБ-ын хөтөлбөр хариуцсан ажилтан Жером Стаки, АБУЗ-ийн хөтөлбөр хариуцсан захирал Ребар Жафф, АБУЗ-ийн гүйцэтгэх захирал, доктор Кевин Телмер зэрэг албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булгантай уулзаж төслийн ач холбогдол үр дүнгийн талаар сонирхлоо.


Тэрбээр, “ Энэ төсөл нь нэлээд урт хугацаанд хэрэгжих төсөл учраас тодорхой үр дүнд хүрч, байгаль орчинд болон хүний эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн ач тустай гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр манай улсад бичил уурхайд гар аргаар алт олборлоход хууль бусаар мөнгөн ус хэрэглэх тохиолдол гарсаар байгаа. Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар, Монгол улсад 40-өөд мянга орчим бичил уул уурхай эрхлэгчид байгаа гэсэн тооцоо байдаг. Энэ төслийн хүрээнд бид бичил уул уурхайн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд хамтарч ажиллана. Эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн иргэд, олон нийтэд хандаж мөнгөн усыг хэрэглэхгүй байх хариуцлага, ухамсрыг төлөвшүүлж байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийг нь таниулан ойлгуулахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж ажиллах юм” гэлээ.  


Гэрэл зурагчин Н.Батбаяр

Холбоотой мэдээ