Хөдөлмөрийн өдөрлөгийн үеэр 46 иргэнд ажлын байр санал болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран “Хөдөлмөрч иргэд-Хөгжлийн хөтөч” сэдэвт хөдөлмөрийн өдөрлөгийг энэ сарын 08-ны өдөр Эвийн хүч худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгт хувиараа хөдөлмөр
эрхлэгч 130 гаруй иргэн, ”Шим ус” ОНӨААТҮГ, Ховд дулааны хоёрдугаар станц,
Цахилгаан түгээх сүлжээ ХХК, Онцгой байдлын
газар, Хот тохижуулахын газар гэсэн 5 байгууллагын 100 гаруй ажилтан албан хаагч, Хөдөлмөрийн бүтээмжийн
багийн 19 гишүүнээс бүрдсэн 240 гаруй хүн оролцов.
Өдөрлөгийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг танилцуулсан ба “Хөдөлмөрийн
бүтээмж”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт хийж,
тус аяны зорилго, зорилт, цаашдын үйл ажиллагааны
талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны үйл ажиллагааг дэмжиж ”Шим ус” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын
зүгээс ажлын байрны дасгал хөдөлгөөний үзүүлэх тоглолт хийсэн ба аюулгүй
ажиллагааны тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргалаа.
Түүнчлэн
аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан 7800 гаруй иргэдийн төлөөлөл 100 гаруй хувиараа хөдөлмөр
эрхлэгч "Бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа" зохион байгуулсан юм.
Өдөрлөгийн үеэр аймгийн ХХҮГ-ын мэргэжилтнүүд ажил олгогчдыг бүртгэх, ажлын байрны захиалга авах, ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө
олгох үйлчилгээ үзүүлэх, ажилгүй иргэдийг
бүртгэн ажлын байранд зуучлах, 2019 оны хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдийн материал хүлээн авах зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж
ажиллалаа. Энэ хүрээнд 14 ажил олгогч аж ахуйн нэгж
байгууллага, иргэдээс 34 ажлын байрны захиалга авсан
ба ажил хайгч 46 иргэнд ажлын байр санал болгожээ. Мөн төсөл хөтөлбөрт хамрагдах 22
иргэний хүсэлт материал, төслийг хүлээн авч, нийтийг хамарсан ажилд хамрагдах
хүсэлтэй 20 иргэнийг бүртгэсэн гэж албаныхан мэдээллээ.