Эмнэлгийн эмч, мэргэжилтний ёс зүйн сургалтад 400 гаруй хүн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-09 11:50:18

Ховд /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС  хамтран  “Эмнэлгийн эмч, мэргэжилтний ёс зүй” сэдэвт сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Ховд аймгийн  эрүүл мэндийн салбар байгууллагуудын  эмч,  мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг  дээшлүүлэх,  ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой тус сургалтад 400 гаруй хүн хамрагджээ.


Сургалтын чиглүүлэгчээр ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, гишүүд, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажилласан бөгөөд анагаах ухааны суурь боловсрол дахь ёс зүйн тулгуур ойлголт, ёс зүйн алдаа дутагдлаас сэргийлэх зарчим, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчид таагүй мэдээ хүргэх менежмент, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн байдал, харилцааны ур чадварын талаар мэдээлэл  хийж, цаашид анхаарах асуудлын тухай санал солилцов.

Энэ үеэр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёс зүйн боловсролыг тасралтгүй олгох, эрүүл мэндийн цахим хуудсыг тогтмол ажиллуулах, ёс зүйн алдаа, тохиолдлыг бүртгэх зэргийг салбар байгууллагуудын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж албаныхан онцоллоо.  

Тус сургалт эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх замаар салбарын үйл ажиллагаа, тогтолцоонд ёс зүйн шинэчлэл хийх боломж бүрдүүлснээрээ онцлог байв.


Холбоотой мэдээ