М.Помпео Латин Америкийн орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-09 15:40:50

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Чили, Парагвай, Перу, Колумбид айлчилж, хоёр талын харилцаа болон Венесуэлтэй холбоотой асуудлуудын талаар хэлэлцэнэ.


Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагусын мэдээлснээр, М.Помпео АНУ болон дэлхийн бөмбөрцгийн өрнөд хагасын орнуудын харилцааг бэхжүүлж, Венесуэл дэх ардчиллын дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 11-15-нд айлчлал хийх ажээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн дөрөвдүгээр сарын 14-нд Колумбийн Кукута хотод түр саатах ажээ. Кукута хот нь Венесуэлтэй хил залгаа хот юм. Колумбийн засаг захиргаа Венесуэлийн сөрөг хүчнийг дэмжсэнтэй холбогдуулан Венесуэлийн Засгийн газар Колумбитай залгаа хилээ хааж, тус улстай дипломат болон улс төрийн харилцаагаа тасалсан юм.


Үүний зэрэгцээ АНУ Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж, тус улсын Засгийн газрын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авсан билээ.


Сануулан дурдахад, Николас Мадуро Ерөнхийлөгчийн тангараг өргөж, түүний бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхэлснээс хэдхэн хоногийн дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Дональд Трампын засаг захиргаа Х.Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Үүний хариуд Н.Мадуро АНУ-тай дипломат болон улс төрийн харилцаагаа тасалсан юм. 

Холбоотой мэдээ