Музейн үзмэрүүдийг тоолж дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-09 13:47:45

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн ажилтнууд өнгөрөгч оны 12 дугаар сарын сүүлчээс эхэлсэн музейн үзмэрийн тооллогоо дуусгажээ. 

Ажлын хэсгийнхэн улсын тооллогын дүн мэдээг нэгтгэж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд дөрөвдүгээр сарын 04-нд танилцуулсан байна.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн 2018-2019 оны улсын тооллогоор Музей сургалт, судалгааны төвийн сан хөмрөгийн 2266 дэсийн 5603 ширхэг үзмэрийг бүрэн тоолсон бол сумдын орон нутгийг судлах төвийн ерөнхий бүртгэлд бүртгэгдсэн нийт 12 сумын 876 дэсийн 1799 ширхэг үзмэрийг тооллогод хамруулсан аж.

Музейн ажилтнууд сумдад ажиллахдаа үзмэрийн хадгалалт хамгаалалт, судлагдсан байдалд үнэлгээ хийж, үзмэрийн нэр тодорхойлолтыг засаж сайжруулах, музейн байр болон үзүүллэг дэлгэлт, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх бусад үйл ажиллагаанд заавар зөвлөгөө өгөв.

Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд түүх соёлын хөдлөх өвийн улсын үзлэг тооллогыг дөрвөн жил тутам зохион байгуулахаар заасан байдаг аж.

Дорноговийн музейд Хүннүгийн үед холбогдох архелогийн ховор үзмэрүүд буйгаараа бусад  аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой төдийгүй байгалийн хэсэгт эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай үзмэрийг сонирхох боломжтой. 

Холбоотой мэдээ