Олимпын наадмын ажилд оролцох гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгоно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-10 13:41:58

ТОКИО. /NHK/. Япон улсын нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулах Олимп, паралимпын наадмын зохион байгуулалтын ажилд оролцож, удаан хугацаагаар байрлах гадаадын төлөөлөгчдөд оршин суух зөвшөөрөл олгохоор болсон тухай тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлэв.


Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр наадмын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын ажиллагааг ихээхэн хөнгөвчилнө хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ. Оршин суух зөвшөөрлийг Токиогийн наадмыг зохион байгуулах хорооны зөвшөөрлөөр Японд 90 болон түүнээс дээш хоногоор байх хүмүүст олгох юм. Үүний зэрэгцээ тэдний эхнэр, нөхөр болон хүүхдүүдийг Японд байхыг зөвшөөрөх ажээ.


“Олимп, паралимпын ажиллагаанд оролцох гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгож буй анхны тохиолдол энэ болж байна” гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Гадаадын иргэдийн хүсэлтийг ирэх зургадугаар сараас хүлээн авч эхэлнэ. 

Холбоотой мэдээ