Сэлэнгийн өсвөр үеийн 13 тамирчин дэлхийн аваргын төлөө хүч үзнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-10 18:38:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Арабын Нэгдсэн Эмират улсад болох өсвөр үе, насанд хүрэгчдийн Жюү Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ нутгаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. 

Дэлхийн 120 орны 12000 орчим тамирчин оролцох тус тэмцээнд Монгол улсаас 70 гаруй тамирчин оролцох бөгөөд үүний 38 нь өсвөрийн тамирчид аж. Эдгээр 38 өсвөрийн тамирчны 13 нь Сэлэнгэ аймгийн хүүхдүүд байгаа юм. Аймгийн Засаг дарга дэлхийн аваргад оролцох баг тамирчдаа хүлээн авч уулзах үеэрээ “Ийм олон өсвөрийн тамирчид аймгаа төлөөлөн дэлхийн дэвжээнд хүч үзэхээр явж байгааг би анх удаа харж байна. Маш их баярлаж, догдолж байна. Дүү нартаа амжилт хүсье. Би өөрөө тамирчин хүний жаргал, зовлонг мэдэрч өссөн. Аймгийн даргын зүгээс өсвөрийн тамирчдаа бүхий л боломжоороо дэмжинэ. Дэлхийн аваргаас медаль хүртсэн хүүхэд нэг бүрт мөнгөн урамшуулал олгоно” гэв.

Сэлэнгэ аймаг он гарсаар нийт найман удаагийн олон улсын болон улсын аваргын тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулаад байгаа спортыг дэмжигч аймаг юм. Өнгөрсөн 2018 онд тус аймгийн баг тамирчид дэлхийн болон улсын дэвжээнээс 274 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.  

 

Холбоотой мэдээ