“Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-04-11 23:08:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил - 2030” үндэсний чуулганыг угтаж улс орон даяар зохион байгуулж байгаа  “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг Орхон аймагт  боллоо. Өдөрлөгт  эрүүл мэнд, цагдаа, хүүхдийн байгууллагын төлөөлөл оролцож Барилгачдын талбайгаас А.Амарын талбай хүртэл жагслаа.

Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн  хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Жилд 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувь, зам тээврийн ослын улмаас нас баралтыг 50 хувиар бууруулахыг улс орнуудад зөвлөсөн байдаг.

Монгол Улсын хэмжээнд 2018 онд осол, гэмтэл болон хордлогын  шалтгаант 142 мянга 665 тохиолдол бүртгэгдэж, гадны шалтгаант нас баралт 2920  бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 23.7 хувь, нас баралт 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн осол нь өвчлөлийн гурав дахь, нас баралтын хоёр дахь шалтгаан болж, үүнд 10-14 насны хүүхдүүд илүү өртөж, жилд 50 хүүхэд нас барьж байна. Сүүлийн таван жилд авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8691 бүртгэгдэж  2400 хүн нас барсанаас 252 нь 0-18 насны хүүхэд байжээ.

Орхон аймгийн хэмжээнд сүүлийн таван жилд  замын хөдөлгөөний аюулгүй байдлын 211  гэмт хэрэг бүртгэгдэж 27 хүн нас барснаас 0-18 насны таван хүүхэд байна. Зам тээврийн ослын улмаас хүнд, хүндэвтэр 172 хүн гэмтсэнээс  0-18 насны 31 хүүхэд байжээ. Харин өнгөрсөн онд тус аймагт зам тээвэртэй холбоотой 28 хэрэг бүртгэгдэж гурван хүний амь нас эрсэдсэнээс 0-5 насны нэг хүүхэд байжээ. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх арга хэмжээг зохион байгуулсан аж.

 

Холбоотой мэдээ