Ли Көцян Чехийн Ерөнхий сайдтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-12 11:18:49

ЗАГРЕБ. /Xinhua/. БНХАУ, Бүгд Найрамдах Чех Улсын бизнес эрхлэгчдэд таатай, шударга орчин бүрдүүлэхийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян пүрэв гарагт уриалсан байна. Чехийн Ерөнхий сайд Андрей Бабис БНХАУ ба Төв, Зүүн Европын орнуудын /CEEC/ удирдагчдын наймдугаар уулзалтад оролцохоор Хорватын Дубровник хотноо хүрэлцэн ирсэн ажээ.


Энэ онд БНХАУ-БНЧУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг Ли Көцян онцлоод, тус улстай улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмэн хоорондын хийгээд соёлын харилцан солилцоог бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Хятад-ЕХ-ны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Чех улс ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.


Үүний хариуд А.Бабис, Чех-Хятадын харилцаа өнгөрсөн хугацаанд тогтвортой хөгжсөөр ирснийг онцлоод, манай улс Хятадын хөрөнгө оруулалтыг таатайгаар хүлээн авна гэж хэлэв. Мөн тэрбээр, эрчим хүч, тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, соёлын хийгээд аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байна хэмээн тэмдэглэжээ.


"Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Чех-Хятадын харилцаа улам хүчирхэгжиж, Хятад-ЕХ-ны харилцааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна" гэж Чехийн Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ