Ким, Трамп хоёр гурав дахь уулзалтаа энэ онд хийхийг үгүйсгэсэнгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-16 11:42:31

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын гурав дахь уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулахыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео үгүйсгэсэнгүй. Тэрбээр Техас муж улсын Даллас хотод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ийм мэдэгдэл хийснийг АНУ-ын Төрийн департамент уламжилжээ.


“Трамп дипломат шугамаар дамжуулан ахиц дэвшил гаргахыг зорьж байна” гэж Помпео АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ онд дахин уулзахад бэлэн буйгаа саяхан илэрхийлсэн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны мэдэгдэлд тайлбар өгөх хүсэлтийн хариуд онцлон тэмдэглэсэн байна.


“Ким дарга Сингапурын уулзалтын үеэр өгсөн амлалтаа биелүүлэхийг бид хүлээж байна. Тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бөгөөд үүнийгээ биелүүлэхийг зорьж байгаа гэдгээ надад хэд хэдэн удаа биечлэн мэдэгдэж байсан” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үргэлжлүүлэн хэлжээ.


“Манай улсын төлөөлөгчид Умард Солонгосын түншүүдтэйгээ асуудлыг урагш ахиулахын тулд хамтран ажиллаж байна. Энэ онд багтаан ямар нэг үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа Ким Жөн Ун мэдэгдлээ. Би үүнийг эрт сонсохыг хүсэж байсан” гэж Помпео нэмж хэлсэн байна.


Холбоотой мэдээ