Малын сэг зэмийг цэвэрлэх, устгах ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-16 21:31:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байгаа малын сэг зэм, бусад хог хаягдлаас шалтгаалан хүн, мал, амьтны халдварт өвчин гарах нөхцөл байдал үүсчээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа.  

Хурлын үеэр Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх, устгах, ариутгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэх тухай хэлэлцэв. 

Малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх, устгах ажлыг аймгийн Хот тохижуулах газар, Жаргалант сумын ЗДТГ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 16 бод, 70 гаруй бог малын сэг зэмийг булж цэвэрлэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэж албаныхан мэдээллээ.

Цаашид хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэгт анхаарч ажиллахаар болсон юм.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Ховд аймгийн Жаргалант, Зэрэг, Буянт суманд галзуу өвчний эрсдэлд өртсөн 19 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь улсын хэмжээнд гарсан нийт тохиолдлын 30 хувийг эзэлж байгаа юм.

Холбоотой мэдээ