Монголын үндэсний музейн үзмэр БНХАУ-д "айлчилж" байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-17 12:45:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Торгоны зам дагуух Үндэсний музейнүүдийн эрдэнэс” үзэсгэлэнг БНХАУ-ын Үндэсний музейн үзэсгэлэнгийн 7, 8 дугаар танхимд нээжээ. Ирэх 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл гарах үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейн 234 шилдэг үзмэр дэлгэсэн байна. 

Монголын Үндэсний музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг үзмэр дэглэн оролцуулж байна. Үзэсгэлэнг нээх ёслолд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар оролцжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шү, Соёлын өвийн газар, Хятадын Үндэсний музейн захирал болон БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцсон байна. Энэхүү үзэсгэлэн олон улсын музей, соёлын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүгээрээ дамжуулан торгоны замын түүхийг олон нийтэд таниулах зорилготой аж.

Холбоотой мэдээ