Монголын баг ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Брунейн багтай тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-17 12:10:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалаа өнөөдөр Малайз улсын нийслэл Куала- Лумпур хотноо амжилттай боллоо.


Германы иргэн Майкл Вайсс хэмээх дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 194 дүгээрт бичигдэж буй Брунейн шигшээ багтай учраа таарч, ирэх зургадугаар сарын 06, 11-ний өдөр чухал шийдвэрлэх тоглолт хийхээр болжээ.


Тус тоглолтын эхнийх нь Улаанбаатар хотод, хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Бруней улсын нийслэл Бандар Сери Бегаван хотноо зохион байгуулахаар товложээ.


Сугалаа болсны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл: “Их хүнд сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх баг чанга ч бидний хувьд, Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Герман дасгалжуулагч ажиллуулж сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байгаа” хэмээн ярьсан байна.


Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харьяалалтай бол бусад тоглогч нь дотоодын лигтээ тоглодог аж.


"Монголын үндэсний шигшээ багийнхан ийнхүү анх удаа хөлбөмбөгийн "Катар-2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт багтаж, түүхэн амжилт гаргах эсэхээ сорихоор боллоо" хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ