Өвөрхангай аймаг эрчим хүч хэмнэхэд чиглэсэн хөтөлбөртэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-17 20:40:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа. Эрчим хүч хэрэглэгчдэд мэдлэг олгох, эрчим хүчний дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, дулаан, цахилгааны алдагдлыг багасгах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хөтөлбөрийн зорилго юм.

Өвөрхангай аймагт 1249 аж ахуйн нэгж, 1783 орон сууц, гэр хорооллын 14281 өрх айл төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбогдож, эрчим хүч хэрэглэж байна. Салбарын хэмжээнд цахилгаан түгээлтийн алдагдал 14.7 хувь буюу энэ нь хэвийн бус алдагдал хэмээн тооцогддог. Мөн төсвийн байгууллагын 174, аж ахуйн нэгжийн 138 барилга, 2224 айл өрх дулааны эрчим хүчээр хангагдаж байна.

Хүн ам, барилгажилт нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний чанар, хүртээмжийн асуудал үүсч эхэлдэг тул шаардлагатай арга хэмжээг цогцоор нь шийдвэрлэхээр тус хөтөлбөрийг боловсруулж, 2019-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ