Шог зураг, зурагт хуудасны уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-18 16:02:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, "Глоб Интернэшнл" Төв ТББ-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр шог зураг, зурагт хуудасны уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж байна. Энэ жил “Сонгуулийн саналд хуурамч мэдээлэл хэрхэн нөлөөлж байна вэ” гэсэн сэдэвтэйгээр зарлаж байна.

Мэдээ, мэдээллийн хүртээмж нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хуурамч мэдээллийн орон зай, аюул заналын хэмжээ мөн нэмэгдэж байна. Тиймээс олон нийтийг энэ талын мэдээллээр соён гэгээрүүлэх, хуурамч мэдээллийг таних, аливаа мэдээ, мэдээлэлд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах чадварыг дээшлүүлэх шаардлагатай тулгарч байна. Энэ ч утгаараа сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл, тэр дундаа мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг оролцоо урьд урьдынхаасаа илүү амин чухал шаардлагатай юм. Иймд залуучууд та бүхнийг дээрх сэдвийн хүрээнд өөрийн бүтээлээ туурвин уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Уралдааны Тэргүүн байр – 780,000 төгрөг, дэд байр – 520,000 төгрөг, гутгаар байр – 390,000 төгрөгийн шагналтай.  Уралдаанд  16-24 насны залуучууд оролцоно. Бүтээлийн хэмжээ А2-оос томгүй байна. Цахимаар ирүүлэх тохиолдолд нягтаршлын хэмжээ 1920х1200 пиксельтэй байна.  Оролцогч тус бүрээс нэг бүтээл хүлээн авах ба өөрийн овог нэр, холбогдох утсыг бичнэ. Бүтээлийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл  ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, НҮБ-ын байр, 101 тоотод хүлээн авч байна.

Холбоотой мэдээ