Архивын ерөнхий газар, Богд хааны ордон музей хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-18 19:31:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нар хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулан хоёр байгууллагад хадгалагдаж буй наймдугаар Богд Жавзандамба хутагттай холбогдох баримт материалыг эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах, ном товхимол хэвлүүлэх, олон нийтийн хүртээлд хүргэх ажлыг хамтран зохион байгуулах юм. 

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 9 дугаартай зарлиг буулгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдаж, Монгол төрийн хаан сууринд заларсан, төр шашныг хослон баригч, наймдугаар Богд Жавзандамба хутагт нь өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүн мөн” гээд ойн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Нийслэлийн ЗДТГ, Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Үндэсний номын сан, Богд хааны ордон музей зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлд гардуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Ерөнхий Сайдын 26 дугаар захирамж 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гарч ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг ажиллаж байна. 

Холбоотой мэдээ