Ховд аймагт “Хүмүүнлэгийн төлөө хамтдаа” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-22 16:18:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Улаан Загалмайн хорооноос “Хүмүүнлэгийн төлөө хамтдаа” сарын аян зохион байгуулж байна.  

Энэхүү аяны үйл ажиллагаанд Прогресс сургууль нэгдлээ. Тус сургуулийн П.Отгонням багштай 5а ангийн 43 сурагч болон ахлах, дунд ангийн 15 сурагч Ховд аймгийн Улаан Загалмайн хорооны Хүүхэд залуучуудын сайн дурын хөдөлгөөнд элсэж, үнэмлэх, энгэрийн тэмдэг, бүч гардан авав. Сурагчид сайн дурын идэвхтэн гишүүнээр элссэнээр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүрэг хүлээж, улмаар өөрсдийгөө хөгжүүлэх, зөв төлөвших, найз нөхдийн хүрээгээ өргөжүүлэх, харилцан суралцах боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо.  

Цаашид аяны хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжид хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, сургалт мэдээлэл хийх, “Гишүүн байгууллага”-аар элсүүлэх, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын дунд “Атга будаа”, худалдаа үйлчилгээний төвийн бизнес эрхлэгчдийн дунд “Юу байна түүгээрээ тусалъя” аян өрнүүлэх, “Хүмүүнлэгийн үйлсэд малчдын оролцоо” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.  

Аяны төгсгөлд “Гишүүн байгууллага”, “Энэрэнгүй үйлстэн” иргэн, “Хүмүүнлэг сургууль”-ийг шалгаруулж, аймгийн Улаан Загалмайн хорооны шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөжээ. Тус аян тавдугаар сарын 02-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Ховд аймгийн Улаан Загалмайн Хороог 1957 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 480 мянган иргэнд хүрч, дунджаар 6 тэрбум төгрөгийн тусламж, хандив олгосон байна. Мөн 60 жилийн хугацаанд  13523 гишүүн, 3500 онцгой гишүүн, 310 сайн дурын идэвхтэн, 8700 цусны донор, 6000 өсвөрийн улаан загалмайн гишүүнтэй болжээ.  

Холбоотой мэдээ