Сайн дурын ажилтны тоог нэмж ажиллуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-23 00:08:22

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Монгол дахь Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал хатагтай Ким Мансарэй, баруун бүс хариуцсан менежерүүдийн хамт өнөөдрөөс Увс аймагт ажиллаж байна. Тэд тус аймагт ажиллаж буй сайн дурын ажилтнуудын ажиллах орчин нөхцөлтэй танилцах аж.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнөөдөр Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал хатагтай Ким Мансарэйг хүлээн авч уулзан алс хязгаарын аймаг, сумын сургуулиудад сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, орон нутгийн нийгмийн хөгжилд, түүний дотор боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан багш, сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, талархал илэрхийлэн цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Хатагтай Ким Мансарэй энэ үеэр Увс аймагт ажиллаж буй АНУ-ын сайн дурын мэргэжилтнүүдийг орон нутгийн удирдлагууд ихээхэн дэмждэг төдийгүй, аймгийн ард иргэд, ажлын хамт олон бүх талаар тусалж дэмждэгт тэд талархаж байгааг дуулгасан юм. Тэрбээр цаашид Увс аймагт "Англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжил хөтөлбөр"-ийн хүрээнд хоёр ба түүнээс дээш мэргэжилтэн илгээн ажиллуулах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ