Ховд аймгийн 5 сум, 4 багийн иргэд ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-23 13:33:41

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сум орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд Ховд аймгийн 5 сум, 4 багийн иргэдийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн нийт 1 тэрбум 400 сая төгрөгийн зээлд хамрагдах боломж бүрдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, ЖДҮ-ийг дэмжих сангаас 2019 онд Дарви, Зэрэг, Чандмань, Дөргөн, Цэцэг сум тус бүрт 200 сая төгрөг, Жаргалант сумын Жаргалан, Рашаант, Хайрхан, Бугат баг тус бүрт 100 сая төгрөгийн санхүүжилт хийх юм.  

ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл нь 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй бөгөөд зээлд хамрагдах хүсэлтээ иргэд сумандаа жижиг дунд үйлдвэрлэл шинээр бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнес төсөл бичиж, сумын иргэдийн дунд нээлттэйгээр танилцуулан хэлэлцсэнээр хэд хэдэн төсөл сонгон шалгаруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг Дарви, Зэрэг, Чандмань, Дөргөн, Цэцэг сум болон Жаргалант сумын Жаргалан, Рашаант, Хайрхан, Бугат багийн иргэдэд зориулан “Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалт”-ыг энэ сарын 20-24-ний өдөр тусгай хуваарийн дагуу зохион байгуулж байна. Энэ ажил Дарви сумаас эхэлсэн бөгөөд сумын бизнес эрхлэгчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, сургалт мэдээлэл хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон түүний ажлын албанаас Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес төсөл шалгаруулах журам, тавигдах шаардлагыг танилцуулсан бөгөөд төслийн загвар, үндэслэл, зах зээлийн боломж, өрсөлдөөн, эрсдэлийг оновчтой тодорхойлох замаар төсөл бичих аргачлал, анхаарах зүйлсийн талаар зөвлөмж өгөв. Мөн бизнес төлөвлөгөөг олон нийтэд танилцуулах зарчим, төслийн давуу тал, үр нөлөө, санхүүгийн эх үүсвэр, судалгаа, зах зээлийн  түвшин, эрэлт хэрэгцээг нарийвчлан тодорхойлох тухай шинэлэг мэдээлэл хийсэн юм.

Дарви сум нь 3075 хүн амьтай. Тус суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр 15, хоол үйлдвэрлэлийн 11, газар тариалангийн чиглэлээр 3 аж ахуйн нэгж, 40 иргэн,  ахуй үйлчилгээ болон талх нарийн боов, хэрчсэн гурилын чиглэлээр тус бүр 1, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч 6 аж ахуйн нэгж, иргэд бизнес эрхэлж байна. Эдгээр бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэх гэж буй иргэдийн төлөөлөл 60 орчим хүн тус сургалтад оролцож, бизнес төсөл бичих аргачлалд суралцлаа.

Иргэдийг жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих сургалтад хамруулснаар сумын Жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн  хүртээмж өргөжих, иргэдийн оролцоо нэмэгдэх ба цаашлаад  нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгох, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх замаар амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцоллоо.  

Дарви сумын хувьд 2011-2018 онд Сум хөгжүүлэх сангаас нийт 129 иргэн 336 сая төгрөгийн зээл авсан бол Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас  өнгөрсөн онд  16 иргэнд  28 сая төгрөгийн зээл олгожээ.

Харин энэ онд тус суманд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох зээлд хамрагдах хүсэлтээ иргэдийн бизнес төсөл сонгон шалгаруулах ажил тавдугаар сарын 20-ны өдрөөс  эхлэх бөгөөд Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу сумын удирдлага, холбогдох мэргэжилтэн, иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, төслийн үр нөлөө, зорилго, хэрэгжүүлэх арга зам, зах зээлийн эрэлт хэрэгцээ, төслийн тавигдах шаардлага, журамд үндэслэн иргэдийн оролцоотойгоор төсөл сонгон шалгаруулж, иргэдийг дэмжин ажиллах юм. 

Холбоотой мэдээ