Өмнөговь сумын ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-23 13:24:04

Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан өнгөрсөн баасан гарагт 71,4 хувийн ирцтэйгээр хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Сум хөгжүүлэх сангийн тайлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийх ажилд өөрчлөлт оруулах тухай, сумын байгаль орчны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, сумын малчдыг дэмжих “Говийн малчин” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Ялангуяа сумын байгаль орчны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэхдээ багуудын Засаг дарга нар, баг бүрийн иргэний төлөөлөл, хүүхдийн төлөөлөл, Хар-Ус өртөөний эрхлэгч нарыг оролцуулан тэдний санал бодлыг сонсжээ. Хуралдаанаас сумын өрх бүрт байгаль орчноо хайрлан хамгаалах талаар уриалга хүргүүлэх, сумын Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгөхөөр болсон байна.

Харин Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийхээр баталсан гурван ажлын журамд нийцээгүй тул хасч, халуун ус барих, хортон шавьж, мэрэгч амьтдыг устгах ажлуудыг шинээр нэмсэн байна. Мөн хурлын төлөөлөгчид сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлж, цаг үеийн асуудлаар сумын Засаг дарга Р.Төмөрчөдөрөөс зарим зүйлийг тодруулжээ.

 

Холбоотой мэдээ