Архангайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-04-24 12:49:51

Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газраас энэ сарын 23-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар баримталж байгаа бодлого, анхаарах асуудлын талаар видео хурал хийж, мэдээлэл өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан орон нутагт хөгжлийн бэрхшээтэй иргэдийг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа тухай мэдээллээ өгөөд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Архангай аймгийн тухайд газрын асуудлыг шийдвэрлэсэн саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн байна.  

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг, "Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг 6 аймагт байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэгээр Архангай аймаг сонгогдсон байгаа. Энэ оны 5 дугаар сард зураг, төсвийн тендерийг зарлаж дуусгана, ондоо багтаж барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Мөн 2019 онд хөгжлийн бэрхшээлттэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнээ асарч байгаа асран хамгаалагч, эцэг, эхийн тэтгэмжийг амьжиргааны түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ, эцэг, эхийг нь орлоготой болгох санхүүгийн дэмжлэгт хамруулна" гэв.

Цахим хуралд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын референт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгууллатын яам, Зам, тээврийн яам, холбогдох агентлагийн дарга нар, төрийн бус байгууллагын төлөөлөл, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, орлогч Б.Болормаа, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, ХХҮГ, НДХ, ЭМГ, МХГ, ГБХЗХГ, НБХ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ