Шри Ланкагийн халдлагатай холбогдуулан 60 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-25 12:13:06

КОЛОМБО. /NHK/. Шри Ланка улсын нийслэл Коломбо хот болон зүүн нутгийн тосгонд үйлдсэн цуврал халдлагатай холбогдуулан тус улсын 60 иргэнийг баривчилсан тухай Шри Ланкагийн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.


Өнгөрсөн ням гарагт сүмүүд болон зочид буудлуудад үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо лхагва гарагийн байдлаар 359 хүрчээ. Үүний зэрэгцээ уг халдлагыг Шри Ланкагийн 9 амиа золиослогч этгээд үйлдсэн болохыг тогтоогоод байна. Тэдний дунд нэг эмэгтэй хүн байжээ. Амиа золиослогчид нь “Үндэсний Тувхет Жамаат” нэртэй лалын хэт даврагч бүлэглэлийн гишүүд байсан аж.


Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр, цагдаагийн ажилтнууд нийт 60 хүнийг баривчлан саатуулсаны дунд дээрх бүлэглэлийн гишүүд багтаж байгаа ажээ. Түүнчлэн амиа золиослогчдын нэгийг уг бүлэглэлийн удирдагч байж магадгүй хэмээн цагдаа нар таамаглаж байна.


"Лалын улс" бүлэглэл уг халдлагуудыг санхүүжүүлсэн эсэх болон тэднийг бэлтгэсэн эсэхийг тогтоохоор мөрдөн байцаагчид баривчлагдсан хүмүүсийг байцааж байна. Үүний зэрэгцээ Шри Ланкагийн цагдаа нар халдлага болсон шөнө Коломбо хотын захын дүүргээс амиа золиослогч этгээдүүдийн хоёр нуувчийг илрүүлсэн байна. Тэд тэсрэх төхөөргүүд, тэсэлгээний цэнэгүүд болон бусад төрлийн аюултай материалыг олжээ.


НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, Улаан өндөгний баярын үеэр үйлдсэн цуврал халдлагын улмаас 45 хүүхэд харамсалтайгаар амиа алдсан ажээ. 

Холбоотой мэдээ