50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-25 15:54:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээрт 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Өвөрхангай аймгийн нийт хүн амын 33.4 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг бөгөөд аймгийн БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай , Баянхонгор, Өвөрхангай аймаг, Булган аймгийн Рашаант сумын харъяат 20 орчим мянган хүүхэд үзүүлж, 2400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийг анх 1956 онд 15 ортойгоор байгуулж, 1977, 1981 онд өргөтгөж байсан ч өдгөө ханиад томууны үед тус тасгийн 40 орыг 100 хүртэл нэмэгдүүлж, эмч сувилагчид багагүй ачаалалтай ажилладаг юм. Уг байдлыг УИХ-ын гишүүдэд уламжилсаны дагуу УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Чинзориг нарын дэмжлэгтэйгээр улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн өртгөөр энэхүү том бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Барилгын ажлыг "Хангамж-Өргөө" ХХК гүйцэтгэх ба энэ оны 11 дүгээр сард багтаан дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөө мэдэгдэв.

Холбоотой мэдээ