ӨВӨРХАНГАЙ: Шурангын улаан цохио
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс баруунтаа 30 орчим км зайд Шурангын голын эрэг дээр 28 метр өндөр ихэр цохио бий.
Шурангын улаан хад, Бичигт улаан тайхар хэмээн нэрийдэх уг цохио нь байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна эртний хүмүүсийн бичээс, дүрс зургуудыг хадгалан үлдээснээрээ онцлог юм. Ялангуяа, улаан зосон зургууд ихтэй бөгөөд судлаачид үүнийг неолитын үетэй холбон авч үздэг.
Тухайн үеийн дүрс, зургийг илэрхийлэх гол шинж нь “Х” маягийн хосолсон зураас, ганж ба хэд хэдэн эгнээ бүхий босоо зураас, дугуй, гурвалжин хэлбэрийн тэмдгүүдийг улаан зосоор зурсан байдаг.
Эрт дээр үед энэ нутаг битүү ширэнгэн ойтой байсан агаад овог аймгууд дайн тулаан хийхдээ ширэнгэн ойд шургаж ороод бүгдэг, цаашаа их тайга руу сарнин оддог байсан гэх домог яриа нутгийнхан дунд бий. Улмаар ширэнгэ гэх нэр шуранга болон өөрчлөгдсөнөөр өнөө үед тухайн бүс нутгийг Шурангын хөндий, Шурангын гол, Шурангын цохио хэмээн нэрлэжээ.
Эл цохио нь тогтцын хувьд галт уулын дэлбэрэлтээс үүссэн байна. Тал хөндий дунд цор ганцаар торойн харагдах Шурангын цохиог үзэхээр аялагч, жуулчид ихээр ирдэг бөгөөд дээгүүр нь чулуу давуулсан хүн олон малтай болдог хэмээн чулуу шидэх хэвшил тогтжээ.



Улаанбаатар