Чандмань сумын “Ар шандны булаг”-ийн эхийг торлож хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-25 18:03:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Байгалийн нөөцийн хамтын менежментийн Баянбүдүүн нөхөрлөл нь Де Нейчэ Консерванси (TNC) байгууллагын 4 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилтээр “Ар шандны булгийн эхийг торлох” төсөл хэрэгжүүлнэ.

Энэхүү төслийн нээлт дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Чандамань суманд боллоо. Нээлтэд ТNС төслийн Санхүү эрхэлсэн дэд захирал Байгальмаа, төслийн баруун бүсийн захирал Д.Цэвээнравдан болон тус сумын удирдлагууд, нөхөрлөлийн ахлагч, гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Де Нейчэ Консерванси буюу TNC байгууллагын танилцуулга, үндсэн үйл ажиллагаа, алсын хараа, зорилго, цаашдын зорилт, нөхөрлөлүүдэд ТNС байгууллагаас оруулсан хөрөнгө оруулалт,  түүний үр нөлөө, улмаар нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг сайжруулах арга туршлагын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн юм.

Уг төсөл тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд тус нөхөрлөлийн гишүүд, малчид, нутгийн иргэд хамтран Ар шандны булгийн эх буюу 24 метр газрыг торлож хамгаалах юм. Ингэснээр ус дутмагаас ашиглаж чадахгүй байгаа бэлчээрийг малчин өрхүүд хуваарийн дагуу ашиглах боломж бүрдэх ба булгийн эхийг хамгаалсанаар хүн, малын ундны усны эх үүсвэр бий болно гэж нөхөрлөлийн гишүүд үзэж байна.

Де Нейчэ Консерванси (TNC) байгууллагаас “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг  төслийн хүрээнд байгуулсан Байгалийн нөөцийн хамтын менежментийн 27 нөхөрлөл бий. Эдгээр нөхөрлөл нь Байгаль хамгааллын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж.

 

Холбоотой мэдээ