Шри Ланк:Буддистууд ба исламчуудын дайсагналцлын золиос нь христийн шашинтнууд
ТОЙМ
Олон улс даяар тархсан исламын хэт даврагч /радикал/ бүлэглэлүүд үйл ажиллагааныхаа хүрээг газарзүйн хувьд улам бүр тэлсээр байна. Сирид тэдний явуулж байсан жихад буюу ариун дайн нь дуусаагүй, “газрын зураг дээрх шинэ цэгүүд”-эд тэмцэл үргэлжилсээр байгаа гэдгийг харуулах нь радикал үзэлтнүүдийн хувьд чухал болжээ. Гэтэл Шри Ланкийн нутагт террорист халдлага болно гэж хэн ч төсөөлөөгүй байлаа. Тус улсад амьдардаг радикал үзэлт буддистууд ба лалын хэт даврагчдын хооронд дэгдсэн дайсагналцал нь хуучин нэрээр Цейлоны аралд жихад дэгдэхэд хүргэж байгаа тухай Москва дахь Карнегийн төвийн ажилтан Евгений Пахомов дүгнэн бичсэнийг орчуулан хүргэе.
4 дүгээр сарын 21-ний өдөр Шри
Ланкад тус улсын түүхэнд гарч байгаагүй цуст террорист халдлага боллоо. Уг
халдлага нь Шинэ Зеландын Крайстчерч хотын исламын сүмд гарсан террорист
халдлагын хариуд үйлдсэн алан хядах ажиллагаа мөн үү гэсэн асуулт бүх хэвлэлийн
хуудаснаа гарч байна. Хэрвээ үнэхээр тийм бол яагаад алс холын Цейлон аралд халдлагыг
үйлдэв ээ?
Шри Ланкийн эрх баригчдын үзэж байгаагаар,
цуврал дэлбэрэлтүүдийг “Жамаат ат-Таухид аль-Ватания”, “Жамиату аль-Миллату Ибрагим” гэдэг
бүлэглэлүүд үйлдсэн байна. Гэхдээ эдгээр бүлэглэлийн талаарх мэдээлэл тун хомс
байгаа бөгөөд Шинэ Зеландад халдлага болохоос өмнө цуврал халдлагыг үйлдэхээр
зэхэж байсан нь тодорхой болжээ.
Оройтсон сэрэмжлүүлэг
“Крайстчерч хотод болсон явдлаас бүр
өмнө уг халдлагыг үйлдэхээр төлөвлөж байсан” гэж Шри Ланкийн Ерөнхий сайд Ранил
Викрамасингхе телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ. Халдлагын улмаас
Цейлоны аялал жуулчлалын салбарт ямар хэмжээний хохирол учрах вэ гэдэг нь эрх
баригчдын санааг тун ихээр зовоож байгаа юм. Дэлхийн улс орнуудын засгийн
газрууд иргэддээ хандаж Шри Ланк руу явахгүй байхыг уриалжээ. “Египет улс
үүнийг туулаад гарсан, Бали арал ч мөн адил. Эдийн засагт хохиролтой гэдэг нь
мэдээж, гэхдээ ямар ч байсан аялал жуулчлалын салбар сэргэнэ” гэж Шри Ланкийн
засгийн газрын тэргүүн хэллээ.
Үүний сацуу Шри Ланкийн тусгай
албад гадаад орнуудаас ирж байсан сэрэмжлүүлэгт зохих ёсоор анхаарлаа хандуулаагүй
гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал, исламын радикал үзэлтнүүд
террорист халдлагууд үйлдэхээр зэхэж байгаа талаар Энэтхэгийн тусгай албаныхан
дор хаяж гурван удаа шри ланкчуудад сэрэмжлүүлэг өгч байсан ажээ. Эхний удаад 4
дүгээр сарын 4-ний үед, хоёрдахь сэрэмжлүүлгийг халдлага болохоос нэг хоногийн
өмнө, түүнчлэн дэлбэрэлт болохоос хэдхэн цагийн өмнө гуравдахь удаагаа
сэрэмжлүүлж байсан гэнэ. Тэр ч байтугай, сүмүүд рүү халдах гэж байгаа тухай,
хаана хэзээ дэлбэрэлт болох гэж байгаа тухай мэдээллийг энэтхэгчүүд өгч байсан
бололтой.
Гэтэл эдгээр дохио сэрэмжлүүлгийг
яагаад хайхрахгүй байсан бэ гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Хэн буруутай, яагаад үл
хайхарсан шалтгааныг тодруулахаар Шри Ланкийн эрх баригчид ажиллаж байна.
Ерөнхийлөгч Майтрипала Сирисена “цагдаа,
зэвсэгт хүчин, тусгай албадын удирдлагыг бүгдийг нь ажлаас нь хална” гэдгээ
мэдэгджээ.
Тусгай албадын удирдлагыг сольж
болно л доо. Гэхдээ яг үнэндээ бол “Энэтхэгийн сэрэмжлүүлэг” нэгэнт оройтсон
байлаа. Ноцтой асуудал аль эрт үүсээд байсан боловч түүнд огт анхаарал
хандуулаагүй орхисон байжээ.
Арлын энэ улсад “Тамил-Иламыг чөлөөлөх барсууд” гэдэг бүлэглэлийн гишүүдийг 30 жилийн турш “террористууд” гэж тооцсоор ирсэн юм. 1970-аад оны дунд үеэс тэд Цейлон арал дээр тусгаар тогтносон Тамилын улс байгуулахын төлөө тэмцэж эхэлжээ. 1980-аад оны дунд үед арал дээр иргэний дайн дэгдлээ. Тамилын барсууд арлын хойд болон зүүн хэсэгт том хэмжээний газар нутгийг хяналтандаа оруулсныхаа дараа өөрийн цагдаа, шүүх, банк, зэвсэгт хүчин бүхий хүлээн зөвшөөрөгдөөгүй улсыг байгуулсан байна.
Гэтэл энэ бүхий л хугацаанд Шри
Ланк улс жуулчдын ирэх дуртай газар байсаар ирсэн нь хачирхалтай. Арлын өмнөд
ба баруун өмнөд нутаг дахь наранд шарлагын газруудад дэлхийн өнцөг булан бүрээс
жуулчид ирцгээж, тэдний ихэнх нь тус улсад иргэний дайн болж байгааг огт
мэдэрдэггүй байв. Томоохон хотуудад халдлага үйлдэж байсан зэвсэгт этгээдүүд
гадаадынхан руу довтолдоггүй байсан бөгөөд аялал жуулчлалын бизнест хохирол
учруулахгүйг хичээдэг байжээ. Учир нь, олон тооны зочид буудал, аялал
жуулчлалын компаниуд Тамилын барсуудын хөрөнгөөр боссон юм.
2008 онд Шри Ланкийн арми
Тамил-Иламыг чөлөөлөх хөдөлгөөний байрлалууд руу өргөн хэмжээний шийдвэрлэх
дайралт хийсэн ба 2009 онд салан тусгаарлагчдын сүүлчийн түшиц газар болох Муллаитиву
эзлэгдэн, удалгүй тамилуудын удирдагч Прабхакаран алагдсанаар иргэний дайн
төгсгөл болсон юм.
Өнгөрсөн хугацаанд уг иргэний
дайныг арлын хүн амын ихэнхийг бүрдүүлдэг сингал үндэстний эсрэг тамилын салан
тусгаарлагчдын хийж буй дайралт гэж үзэж байлаа. Үүний сацуу уг асуудал шашин
хоорондын зөрчлийн шинжтэй болж ирэв. Арлын хүн амын ихэнх болох сингалууд нь
буддын шашинтнууд бол тамилууд хиндү шашныг шүтдэг бол 22 сая шри ланкчуудын 9
хувийг эзлэх исламын шашинтнууд тэдэнтэй зэрэгцэн амьдардаг.
Эрх баригчид ба тамилын барсуудын хоорондын мөргөлдөөн дэгдэх үед исламын шашинтнууд тамилчуудын талд байлдаж байсныг санах хүн одоо цөөхөн буй заа.
Гэвч эл байдал удаан үргэлжлээгүй бөгөөд
удалгүй бүх зүйл өөрчлөгдсөн байна. Исламын шашинтнууд ч мөн өөрчлөгдлөө.
Цейлоны арал ба исламын шашин
Манай эриний VII зууны үед
Энэтхэгийн далайд монополио тогтоож байсан Арабын худалдаачид Цейлоны аралд
исламын шашныг дэлгэрүүлсэн гэж үздэг. Удалгүй хиндү шашинт тамилчууд болон
бусад шашныхан исламын шашинд орох болжээ.
16 дугаар зуунд Шри Ланкад нэвтэрсэн португалчууд “цейлоны маврууд”-ыг
шахан хавчих болсон учраас тэд арлын хойд ба төв хэсэг рүү шилжин суурьшсан
байна. Хожим нь арлыг эзэлсэн англичуудын ноёрхлын үед “маврууд” өөрсдийн хийж
сурсан ажил болох худалдаа наймаа эрхлэх болсон байна.
“Маврууд” буюу арлынхны
нэрлэдэгээр “ларакалла”-чуудын ихэнх нь тамил хэлээр ярьдаг байсан учраас
1970-аад оны үед тамилын босогчдыг дэмжиж байсан аж. Гэвч тамилын барсууд олон
шашныг хүлцэн тэвчдэггүй гэдэг нь тун удалгүй илэрхий болсон байна. Тэд өөрсдийн
хяналтанд байсан газар нутгаас исламын шашинтнуудыг хөөж тууж эхэлсэн ба иргэний
дайны дараа л исламчуудын зарим нь гэр орондоо буцаж иржээ. Үүний зэрэгцээ
тамилын босогчид “нийтийн үйл хэргийн төлөөх” татварыг исламын шашинтнуудаас
авч, эзэлсэн газар нутагтаа рэкет хийдэг байв.
Үүнээс үүдэн “мусульманчуудыг эрх ашгийг зэвсгийн хүчээр хамгаалах нь зүйтэй” гэж үздэг хүмүүс
радикал бүлэглэлүүд байгуулж эхэлжээ.
Гэтэл эрх баригчид исламын
радикал бүлэглэлүүд бий болсон гэдгийг
огт анзаардаггүй байлаа. Аюулгүй байдлын чанд хатуу дэглэмд байсан улс оронд
дайн дууссаны дараа гудамж замаар холхих эргүүл харуулууд үзэгдэхээ больж,
нисэх онгоцны буудлын хатуу хяналт суларчээ.
Энэ талаар Шри Ланкийн нэгэн
шинжээч ярихдаа “бидэнд ганцхан дайсан байсныг ялж чадлаа гэж эрх баригчид
бодож байсан. Гэтэл тийм биш ажээ. Энэ бол ялалтын дараа алмайран тайвширсан
явдал байлаа” гэв.
Нударга ба илд
Энэ үед исламчууд өөрсдийгээ “арал дээр өрнөж буй энхийн үйл
явцаас хаягдаж хоцорсон” гэж үзэх болжээ. Эрх баригчдын зүгээс өөрсдийнх нь
асуудалд ямар ч анхаарал хандуулахгүй байна гэж тэд гомдоллох болов. Үүн дээр
радикал үзэлт буддын шашинтнууд нэмж асуудал үүсгэлээ. 2012 онд байгуулагдсан
“Боду Бала Сена” /Буддагийн засаглалын хүч” гэдэг бүлэглэл тамилын барсуудыг
ялсан ялалтын дуулианыг далимдуулан “буддагийн сүр хүч”-ийг харуулахаар шийдэв.
“Шри Ланк бол Хаммадвипа буюу Буддагийн сургаалын арал бөгөөд Будда бурхан бидэнд энэ арлыг сахин хамгаалж байхыг гэрээслэсэн. Харин исламчууд олон хүүхэд төрүүлж, тэднийгээ бүгдийг нь исламын шашинд оруулж, харийн соёлыг тулган хүлээлгэж байна. Тэд буддизмын сургаалийг үзэн яддаг” гэж буддын радикал үзэлтнүүд үзэх болов.
Хэдэн жилийн өмнө Шри Ланкийн
нэгэн оюутан надад ярихдаа” манай оронд амьдардаг исламчууд бол танай еврей
нартай яг адил. Колончлолын
үед тэд манай газар нутаг дээр бизнес хийж баяжсан” гэж байсныг саналаа. Харин
би энэ үзэл бодлыг нь хуваалцахгүй
байгаад тэрбээр тун их гайхаж байсан юм.
Энэ бүхэнд исламын шашинт залуус няцаалт өгөхөд бэлэн байлаа. Тэд ч зүгээр байгаагүй бөгөөд буддын шашны хөшөө дурсгалыг эвдэн сүйтгэсэн тохиолдол хэдэнтээ гарчээ. 2014 онд арлын баруун өмнөд хэсэгт, 2018 онд төв ба хойд нутагт исламын шашинтнууд үймээн самуун дэгдээж байв. Гэтэл эрх баригчид энэ бүхнийг анзаараагүй мэт дүр эсгэж байсан юм. Харин исламын шашны удирдагчид радикал бүлэглэлүүд байгаа тухай яриаг үгүйсгэн няцааж байлаа.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам
бүх зүйл өөрчлөгдсөөр. “Тэд нударгатай бол бидэнд исламын илд бий” гэх уриа
лоозон исламын шашинт залуусын дунд хүчтэй тархлаа. Энэ үед исламчуудын дотор
зөрчил дэгдэж эхлэв. “Жинхэнэ ислам”, “Исламын улс”-ын үзэл санаа газар авч,
улмаар арал дээр Пакистаны “Жамаат-е Ислами”, Энэтхэгийн “Жамаат Таблиг”
бүлэглэлүүдийн нууц салбарууд бий боллоо. Удалгүй дээр дурдсан “Жамаат
ат-Таухид аль-Ватания” бүлэглэл ч өөрийн сүлжээг байгуулав.
Газрын зураг дээрх цэг
“Өмнө нь Шри Ланк улс дэлхийн
газрын зураг дээр цэг мэт харагддаг байсан бол харин одоо исламчуудын газрын зураг дээрх цэг болж хувирлаа” гэж
Энэтхэгийн нэртэй шинжээч Нандан Унникришнан дүгнэн бичжээ.
Шри Ланкийн иргэд “Исламын
улс”-ын талд байлдаж байгаа тухай мэдээлэл хэдэн жилийн өмнө ирж байсан.
Цейлоны арал нь бусад улсаас, тухайлбал, Мальдивын арлуудаас “залуу дайчдыг”
Ойрхи Дорнод руу илгээхэд дамжин өнгөрүүлэх цэг нь болж байлаа.
2015 онд Шри Ланкаас ирсэн
Мохаммед Мухсин Шарфаз Нилам гэгч этгээд Сирид холбоотны цэргийн бөмбөгдөлтөд
өртөн “баатарлагаар амь үрэгдсэн” тухай мэдээ исламын радикал үзэлтнүүдийн
“Dabiq” сонинд нийтлэгдсэн нь дуулиан тарьж байв.
Олон улс даяар тархсан исламын
радикал бүлэглэлүүд үйл ажиллагааныхаа хүрээг газарзүйн хувьд улам бүр тэлсээр.
Сирид явуулж байсан жихад буюу ариун дайн нь дуусаагүй, “газрын зураг дээрх
шинэ цэгүүд”-эд тэмцэл үргэлжилсээр байгаа гэдгийг харуулах нь радикал
үзэлтнүүдийн хувьд чухал болжээ. Гэтэл Шри Ланкийн нутагт халдлага болно гэж
хэн ч төсөөлөөгүй байлаа.
Арал дээр дахиад террорист
халдлага болно гэдгээс Цейлоны эрх баригчид маш их болгоомжилж байна. Энэ удаад
тамилын салан тусгаарлагчдын эсрэг дайны үеийнх шиг аялал жуулчлалын
дэд бүтцийг огт сүйтгэлгүй тойрон өнгөрдөг “хачирхалтай террорист халдлагууд”
болохгүй бөгөөд барууны орнуудын жуулчид “шинэ залуу тэмцэгчид”-ийн хувьд бай
болж хувирав. Исламын хэт даврагчид Шри Ланк орныг иргэний дайнд дахин татан
оруулах уу гэдгийг одоохондоо хэлэхэд хэцүү, гэхдээ тэд “ялалтын дараа сонор
сэрэмж алдаж, алмайран тайвширсан байдал”-аас Цейлон арлыг аль хэдийнэ
гаргачихжээ.
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: https://carnegie.ru/commentary/78979