Шри Ланкад халдлагын улмаас амь үрэгдсэн хүний тоо буурчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-26 11:17:55

КОЛОМБО. /BBC/. Өнгөрсөн ням гарагт Шри Ланка улсад болсон цуврал халдлагын улмаас амь үрэгдсэн хүний тоо 100 гаруйгаар буурч, 253 хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.


Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсанаар, тооцоололд алдаа гарсан ажээ. Улаан өндөгний баярыг тохиолдуулан амиа золиослогч этгээдүүд нийслэл Коломбо хотын сүмүүд, зочид буудлууд болон зүүн нутгийн Баттикалоа хотод халдлага үйлдсэн юм.


Амь үрэгдэгсдийн дийлэнх нь Шри Ланкагийн иргэд байсан хэдий ч гадаадын орны олон иргэд багтаж байжээ. Уг цуврал халдлагыг 9 хүн үйлдсэн хэмээн таамаглаж байна. Цагдаагийн ажилтнууд нэгжлэг явуулсаар байгаа бөгөөд 7 хүнийг эрэн сурвалжилж байгаа ажээ.


Шри Ланкагийн эрх баригчид уг халдлагад лалын шашинт хэт даврагсдын “Үндэсний Тувхет Жамаат” бүлэглэлийг буруутгаж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Мөн тэдгээрийг гадаадын бүлэглэлээс дэмжлэг авсан байх магадлалтай хэмээн үзэж байна. Халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн боловч нотлох баримтыг олон нийтэд дэлгээгүй юм.


Цагдаагийн газраас мэдээлснээр, халдлагад холбогдуулан 70 гаруй хүний баривчлан саатуулаад байгаа ажээ. Ташрамд дурдахад, Шри Ланкагийн Батлан хамгаалахын сайд Хемасири Фернандо албан тушаалаасаа огцорч буйгаа пүрэв гарагт мэдэгджээ. 

Холбоотой мэдээ