Барилгын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-26 15:38:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ, ГХБХБГ-аас Барилгын хөгжлийн төвтэй хамтран Барилгын салбарын удирдах ажилтнуудын аймгийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд 26 аж ахуйн нэгжийн 40 гаруй удирдах ажилтан болон тухайн салбартай үйл ажиллагаа уялдаж явдаг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

2018 онд Баянхонгор аймагт 36 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн бол энэ онд улсын болон орон нутгийн төсвөөр 54 нэр төрлийн 90 тэрбум төгрөгийн ажлыг хийх юм. Аймгийн хувьд орон нутгийн чадварлаг бүтээн байгуулагчдаараа эдгээр ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлэх бодлогыг 2017 оноос хойш баримтлан ажиллаж буй. Жишээ дурдахад, 2018 онд барилгын салбарт хийсэн ажлын 95 хувийг орон нутгийн ААН-үүдээр Баянхонгор аймаг гүйцэтгүүлжээ.

Монгол Улсын Засгийн газраас үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гэж гаргасан. Улсын хэмжээнд мөрдөгдөх энэ баримт бичиг шиг Баянхонгор аймаг бас тодорхой бодлоготой болох шаардлагатай байгааг зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга барилгачдад сануулав. Тухайлбал, барилгын мэргэжилтэй ажилчдын нөөцийг сайжруулах шаардлагатай байгааг онцлоод, барилгын ААН бүр дэргэдээ ямар нэг материалын үйлдвэртэй байх нь эдийн засгийн үр өгөөж, бараа материалын эргэлтийн хувьд оновчтой бус шийдвэр, материал тус бүрээр энэ аймагт тус тусын чиглэлтэй 1-2 үйлдвэр байхад л хангалттай байх талаар санал бодлоо хэлж байлаа. Энэ мэтээр орон нутаг дахь ААН-үүд хувь хувиа бодсон хэт өрсөлдөөнөө багасгаж илүү далайцтай улс, бүсийн хэмжээнд энэ нутаг орны нэрийг гаргаж ажиллах ирээдүйгээ тодорхойлох нь зөв гэдгийг онцлоод, манай барилгын салбарынхан нэгдсэн бодлоготойгоор, нэгдмэл үйл ажиллагаатайгаар цааш цаашдын бүтээн байгуулалтын олон ажлыг чанарын өндөр түвшинд өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. 

Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу ГХБХБГ-ын дарга Т.Норов 2018 онд хийсэн бүтээн байгуулалтын талаар, төрийн зүгээс барилгын салбарт баримталж буй бодлогын тухай мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн дагуу хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн танилцуулга, барилгын ажил эхлэх зөвшөөрөл авах, комиссоор хүлээлгэн өгөхөд гардаг түгээмэл асуудал, барилгын мэргэжилтэй ажилчдын хүрэлцээ, төгсөгчдийн эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрх зүйн орчин, стандартчилал тохирлын үнэлгээ, 2019 оны хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр холбогдох албаныхан зөвлөгөөнд ороцогчдод тус тусын мэдээллүүдийг багцлан хүргэсэн юм.

Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг Баянхонгор аймгийн барилгын салбарынхан цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллах юм байна.

Холбоотой мэдээ