Цэрэг татлагад эрүүл мэндээрээ 35 залуу тэнцжээ

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-28 14:22:08

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар суманд цэрэг татлагын үзлэгт 104 залуус хамрагдаж, тэдний 35 нь эрүүл мэндээрээ тэнцэн цэргийн жинхэнэ алба хаахаар боллоо.

Тус суманд цэрэг татлагын 1-р зэргийн үзлэгээр цэргийн штабын хошууч Т.Төмөрчөдөр, ахмад Т.Амгаланбаатар, ахлах дэслэгч С.Солонго, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн 8 эмч ирж ажилласан байна. 

Цэргийн жинхэнэ албаны татлагын тухай хуулийг 2011 оны 04 сарын 22-ны өдөр баталжээ.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэрээс нь үл хамааран цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албыг сайн дураар хаалгах журмаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангадаг ажээ.

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг аймаг, нийслэл /дүүрэг/-д зохион байгуулан явуулдаг ажээ.

Өнөөдөр Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн "Эх орноо хамгаалах" үндсэн үүргээ хугацаат цэргийн алба хаах болон цэргийн албыг дүйцүүлэн хаах гэсэн 2 хэлбэрээр хэрэгжүүлж байна.

Хэрвээ цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Цэргийн штабын дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэл төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татна. Цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ албанд татагдагч гэдэг байна.

Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн" гэж тус зүйлийн 2 дахь заалтад "Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно" гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн болохыг хуульчлан баталгаажуулжээ.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба нь байлдагч, түрүүчийн болон гэрээт цэргийн албанаас бүрдэх ба цэргийн дүйцүүлэх албыг иргэд биеэр хаах, эсвэл мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болдог байна.

Холбоотой мэдээ