"Бидний театр"-ын шилдгүүд шагналаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-29 12:13:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн дүүргүүдийн дунд хоёр дахь жилдээ болсон “Бидний театр” жүжгийн уралдааны шилдгүүд тодорлоо. Шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд  Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болсон юм.

Энэ жилийн тэмцээнд 7 дүүргийн 200 орчим сурагч өрсөлдсөн бөгөөд Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” жүжгийн Модуны дүрээр Хан-Уул дүүргийн БУЦС–ын 12а ангийн сурагч М.Хаш-Эрдэнэ шилдэг эрэгтэй гол дүрийн, Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12а ангийн сурагч Ж.Наранжаргал шилдэг эмэгтэй гол дүрийн, Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” жүжгийн Түмэн шаньюгийн дүрээр Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн 11а ангийн сурагч Л.Өсөхбаяр шилдэг эрэгтэй туслах дүрийн, Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгийн үнэгийн дүрээр Баянгол дүүргийн 77-р сургуулийн 11а ангийн сурагч Т.Хонгорзул шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг тус тус гардсан байна.

Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжиг тэргүүн байр, Хан-Уул дүүргийн “Мэргэнд буусан чоно” жүжиг дэд байр, Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжиг гутгаар байрт шалгарсан юм.

Харин зохион байгуулагчдын нэрэмжит шагналыг Сүхбаатар дүүргийн мэргэжилтэн Б.Алтантүлхүүр, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын нэрэмжит шагналыг Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжгийн туслах дүрд тоглосон 37-р сургуулийн 11а ангийн сурагч Т.Эрхэмзөнч, шүүгчдийн нэрэмжит шагналыг Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгийн гол дүрд тоглосон "Монгени" цогцолбор сургуулийн 11"д" ангийн сурагч Э.Долгион нар хүртэв.


Холбоотой мэдээ