Энэ онд Завхан, Булган, Увс аймагт хөлбөмбөгийн талбай барина

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-30 11:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны дэмжлэгтэй Булган, Завхан, Увс аймагт 2019 онд стандартын жижиг талбай байгуулахаар төлөвлөжээ.


Гурван талбайг аймаг тус бүрийн ЕБС-ийн дэргэд барьж, талбайн ашиглалт, арчилгааг сургуульд нь хариуцуулах бол, орон нутгийн гишүүн холбоод тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байх юм.



АХБХ-ны мэргэжилтэн Пүн Ёок дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 1-нд Булган, Завхан, Увс аймагт ажиллаж, жижиг талбай барих газруудтай биечлэн танилцаж байна. Мэргэжилтэн Пүн Ёок МХБХ-ноос санал болгосон газруудыг судалж үнэлгээ өгч байгаа бөгөөд уг газрууд жижиг талбай барих нөхцөлийг хангаж, бүх талын шаардлагад нийцнэ хэмээн дүгнэжээ.



Улмаар дараагийн шатны ажил болох талбайн архитекторын зураг төслийг гаргасны дараа АХБХ, МХБХ хамтран дотоодын болон гадаадын компаниудын дунд тендерийг нээлттэйгээр зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.


Дашрамд дуулгахад, Булган, Завхан, Увс аймгийн удирдах албаны хүмүүс АХБХ, МХБХ-ны төлөөллийг найрсаг хүлээн авч жижиг талбайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа амласан хэмээн МХБХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ