МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж дүүргүүдэд ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уулын мэргэжлийн хяналтын хэлтсийн ажил байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсчээ.
Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр өөрийн гэсэн зөөврийн байртай болох асуудлыг шийдвэрлэж өгөхийг энэ үеэр хүссэн байна. 24 цагаар ээлжлэн ажилладаг улсын ахлах байцаагчид нь бусад төрийн хяналтын байгууллагынхаа байранд гуйж, зохицож ажилладаг аж.
Харин Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс санал гомдол хэлээгүй бөгөөд Иргэдийн угтах үйлчилгээг нэвтрүүлсэнээ танилцуулсан байна. Улсын ахлах байцаагчид энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс санал гомдол, зөвлөгөө авахад нь тусалж, жижүүрлэн ажиллаж байгаа аж.
МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж дүүргүүдэд ажиллах үеэрээ МХЕГ төсөв бүрдүүлэгч байгууллага биш учраас нийт ажлын 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад түлхүү анхаарч ажиллах хэрэгтэйг сануулсан байна.
Н.Туяа