Хөрсний эвдрэлд орсон 20 га талбайд нөхөн сэргээлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-30 17:19:54

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу Хэрлэн суманд байгалийн өнгөт чулуу олборлолтын явцад хөрсний эвдрэлд орсон 10 га газарт биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөөд байна.

Энэ нь Хутаг уулын зүүн хойд тал буюу Хэрлэн сумын наймдугаар баг Тахилгат тосгоны нутаг дэвсгэр юм. Тухайн орчимд нийтдээ 60 гаруй га талбай сүйдсэн хэдий ч эхний ээлжинд 10 га газарт нөхөн сэргээлт хийхээр хэмжилт, судалгааны ажил хийж байна.

Хэнтий аймгийн БОАЖГ-аас явуулж буй судалгааны ажил ирэх сард дуусмагц Бичил уурхайг дэмжих чиглэлээр санал хүргүүлсэн нөхөрлөл, хоршоотой гэрээ байгуулж 10 сая төгрөгийн санхүүжилтээр нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх аж.

"Цаашдаа энэ онд Батноров сумын Шаварт гэх газарт мөн л өнгөт чулуу олборлолтоос үүдэн эвдрэлд орсон 10 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийнэ. Судалгааны ажил дуусмагц нөхөн сэргээлтийг эхлүүлэн зургаадугаар сар гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна" хэмээн холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

2019 онд Хэнтий аймгийн хэмжээнд нийт 20 га талбайд хийх биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр тусгажээ. 

Холбоотой мэдээ