Ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-30 17:49:33

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Биеийн тамир, спортын газартай хамтран байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэх зургаан сарын аяныг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд аймгийн ЗДТГ болон түүний дэргэдэх 22 агентлагуудын 352 хүнийг хамруулсан биеийн жин хэмжих судалгаа авчээ. Уг судалгаанд хамрагдагсдын 36 хувь нь хэвийн жинтэй, 37 хувь нь илүүдэл жинтэй, 26 хувь нь таргалалттай гарчээ. Харин тэднээс дасгал хөдөлгөөний мэдлэг, хандлага, дадлын судалгаа авахад мэдлэгийн түвшин 64 хувьтай байсан бөгөөд тогтмол дасгал хийдэг хүн 7 хувь, тогтмол биш дасгал хийдэг хүн 51 хувь байжээ.

Дасгал хийхгүй байгаа гол шалтгаанаа 42,14 хувь нь цаг гардаггүй, биеийн жин хөдөлгөөний хомсдолд нөлөөлж буй хүчин зүйлийг 43 хувь нь суугаа ажил, 17 хувь нь зохисгүй хооллолт гэж тус тус хариулсан байна. Иймд цаашид мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр анхаарч ажиллахаар болсон байна.

 

Холбоотой мэдээ