Эрүүгийн нөхцөл байдлын судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 14:26:12

Дорнод аймгийн Прокурорын газраас нэг дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн "Эрүүгийн нөхцөл байдлын судалгааг сүүлийн хоёр жилийн байдлаар харьцуулан судалжээ.

Судалгаагаар 2015 онд нийт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2374 хүлээн авч хянаснаас 624 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 буюу 5.5 хувиар буурсан, нийт бүртгэгдсэн хэргийн 65.2 хувь нь Хэрлэн суманд үйлдэгдсэн, Баянтүмэн, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн сумдад гэмт хэргийн гаралт өндөр хувьтай байна гэсэн дүгнэлт гарчээ. Тус аймагт үйлдэгдсэн эрүүгийн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл өмчлөх эрхийн эсрэг, хүний эрх, эрх чөлөөний эсрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, байгаль хамгаалах журмын эсрэг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд дийлэнхииг эзэлж байна.
Дээрх судалгааны дүнг Аймгийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд хурлын шийдвэрийг үндэслэн 2015 онд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт болон орон нутгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар Дорнод Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Зоригтбаатар нарт танилцуулсан байна. Мөн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж буй Хэрлэн сумын 4, 6 дугаар багууд, Баянтүмэн, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн сумын Иргэдийн нийтийн хурлын дарга нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах талаар прокурорын мэдэгдэл бичиж тус тус хүргүүлжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ