Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-01 17:37:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Н.Учрал нарын УИХ-ын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулахдаа, Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа  холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа гэв. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тэрээр дэлхийн худалдаа, эдийн засаг өнгөрсөн зуунд эрчимтэй хөгжиж хүн төрөлхтний хэрэглээ, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн. Энэхүү үсрэнгүй хөгжил дэвшлийг оюуны бүтээл туурвил, шинэ санаа, ашигтай загвар, барааны тэмдэг болон оюуны бусад өмчгүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэллээ. Иймд оюуны өмчийг хамгаалах, хөгжил дэвшлийг хурдасгах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг нь хүртэх зорилгоор улс орнууд хамтран Парисын конвенц, Венийн конвенц зэрэг чухал баримт бичгүүдийг баталжээ.  Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэгдэн хамгаалагдаж байгаа тухай дурьдсан байдаг байна. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдарлын хэв маягийг өөрчилсөөр байгаа талаар төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа. 



Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, ажлын багаас хариулт авсны дараа санал хураахад, гишүүдийн 70 хувь дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 



Холбоотой мэдээ