Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав. Захиргааны ерөнхий хуульд, Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах эрхтэй байхаар заажээ. Гэвч энэ нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө болон УИХ хүчингүй болгоно” хэмээн заасантай зөрчилдөж буй юм. Үндсэн хуулийн цэцээс 2005 онд “Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газрын эрх хэмжээнд халдсан” гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс Захиргааны ерөнхий хуулиар Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, ажлыг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй байхаар төсөлд тусгасныг танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн
Д.Эрдэнэбат, “Ардчилсан намын зөвлөл
болон Ерөнхийлөгчийн саналыг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг тодруулав. ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Ерөнхийлөгчийн саналд, Цэцийн шийдвэр эцэслэн гарсны дараа шүүх хянан хэлэлцэх тухай заалт
байсныг хэлээд, байнгын хороогоор дээрх саналыг дэмжээгүй гэлээ. Мөн, Засгийн газар, түүний харъяа байгууллагын албан тушаалтны гаргасан шийдвэрийг шүүхэд хэлэлцэхгүй гэсэн заалтыг хумьсан гэв.
Гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааснаар, дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүлэв.