“Гамшгаас хамгаалах команд штаб"-ын сургуулийг хоёр хоногийн хугацаанд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-07 16:11:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 9-10-ны өдөр ОБЕГ, Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран “Гамшгаас хамгаалах команд штаб"-ын сургууль зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тус аймагт ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тэрээр өнөөдөр өглөө команд штабын сургууль, бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Шадар сайд, Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд “Гамшгаас хамгаалах команд штаб"-ын сургууль зохион байгуулах заалт тусгагдсан бөгөөд, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлууд хангагдаж байгааг хурандаа Б.Ууганбаяр хэллээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулинд ОБЕГ Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй учраас энэхүү чиг үүргээ хэрэгжүүлж, тус аймагт сургалт зохион байгуулж байгаа ажээ.  

Хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ “Энэ удаагийн команд штабын сургууль нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн тусгай ангийн бүрэлдэхүүнд болзошгүй аюул, эрсдэлтэй тэмцэх чадвар эзэмшүүлэх, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой сургууль юм. Аймгийн Засаг даргаас эхлээд сумдын удирдлага, төр захиргааны байгууллагуудын дарга нар, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, мэргэжлийн ангиуд гээд бүхий л хүмүүсийг хамарсан тус сургуулийг хоёр хоногийн хугацаанд зохион байгуулж явуулна.

Команд штабын сургуулиар ихэвчлэн удирдах бүрэлдэхүүнд зориулсан сургалтууд болдог. Гэхдээ бид удирдах бие бүрэлдэхүүн болон төр захиргааны албан хаагчид, иргэдэд зориулсан сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн ангийн жигдрэлтийн сургууль хийж, аймаг, сум, салбар байгууллагуудын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталж, танхимын сургалт хийх өрөө, байрыг бэлтгэж, Онцгой комиссын гишүүдэд сургалт хийж, Дундговь аймгийн гамшгийн эрсдлийн тойм судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийх зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж байгаа ажээ.

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” зохион байгуулах энэхүү үйл ажиллагаанд нийт 29,6 сая төгрөг зарцуулж байгааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун танилцуулсан юм. 

Холбоотой мэдээ