Хэрлэн суманд шийдлээ хүлээсэн бүтээн байгуулалтын олон асуудлыг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-08 17:24:23

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын сайд нарын Хэнтий аймаг дахь ажлын айлчлал Хэрлэн суманд хоёр өдрийн турш үргэлжиллээ. Тэрбээр энэ өдрүүдэд Хэрлэнчүүдийн дунд шийдлээ хүлээсэн бүтээн байгуулалтын олон асуудлыг шийдвэрлэв. 

Тухайлбал, Хэрлэн сумын гуравдугаар цэцэрлэг, Орон нутаг судлах музей, Хэрлэн нэгдүгээр сургуулийн 1500 хүүхдийн хичээлийн шинэ байр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн шинэ байр зэрэг барилгын ажлуудыг 2020 оны төсөвт тусган хэрэгжүүлэхээр, Чингис хотын банкны байрны дахин төлөвлөлтийн 174 айлын орон сууцны ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэхээр болов.
Мөн Хэрлэн суманд 2019 онд улсын төсвийн 10 тэрбум төгрөгөөр барих 10,2 км авто болон явган замын цогц бүтээн байгуулалт, Чингис хотоос Бэрх- Батноров- Норовлин -Дадал чиглэлд энэ онд барьж дуусгахаар төлөвлөсөн автозамуудын нээлтийг албан ёсоор хийлээ.  
Түүнчлэн энэ зун, намар Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, аймгийн төвийн цахилгаан дамжуулах шугамын шинэчлэлийн ажил хийнэ гэдгийг дуулгасан юм.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хамт зочилж, үйл ажиллагаатай нь танилцан Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн пургон авто машиныг гардуулсан бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, сайдын зөвлөх Р.Жадамбаа, ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэг нарын хамт аймгийн Хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, Мөрөн, Хэрлэн суманд газар тариалангийн дунд оврын иж бүрэн трактор, хүлэмжийн асуудлыг шийдвэрлэхээр болов.

Түүнчлэн Өлзийт тосгонд эмнэлгийн барилга шинээр барих, Тахилгат тосгоны эмнэлгийн засварын 162 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ